МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.30
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Төсвийн тодотголд уушиг орлуулах аппарат авах хөрөнгө суусан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Төсвийн тодотгол дээр төсвийн хуулийг хэрэгжүүлж ажиллах, төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой тодорхой салбарууд дээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүнг бууруулж, төсвийнхөө цоорхойг нөхөн оруулж ирж байна. Тендэр зарлаагүй, хүлээн авч байгаа гээд нилээн объектуудаас оруулж ирж байна. Энэ төсвийн хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Худалдан авах ажиллагааг удаашруулж, саатуулсан юм байна уу? Сангийн яамныхан үүн дээр тайлбар өгнө үү? Энэ жил яагаад төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явц асар удааширалтай явна вэ?

Өнгөрсөн долоо хоногт бид нар салбарынхаа төсвийг татаж үзсэн нилээд хангалтгүй дүнтэй. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын биелэлт хэр гарах бол? 10 сард ирэх жилийн төсөв орж ирнэ. Тэгэхэд нилээд хангалтгүй тоо харагдаад байна. Сангийн яамнаас худалдан авах ажиллагааг хүлээж бай, хойшлуулж бай гэсэн юм байна уу? Арай гэж салбарынхаа хөрөнгө оруулалтыг шийдүүлэх гээд байж байтал зарим нь царцааж, дүнгийг нь бууруулж, хэрэгжих боломжгүй болж байгаа юм байна.

Төсвийн тодотгол дээр уушиг орлуулах аппарат нь нилээн үнэтэй байдаг. Тэр хэр хэмжээтэй сууж байна вэ? Эрүүл мэндийн нэр томъёогоор нэрлэгдсэн аппарат нь асар үнэтэй, олдоц муутайгаас болоод уушигаар хүндрэл гарч байна гэж ярьж байна. Над руу нэг сонгогч Эх нялхас дээр жирэмсэн эх маш хүнд байна гэж ярьлаа. Сая төрийн нарийн бичгээс асуухад ямар ч боломжгүй гэж байна. Хүний амь нас яригдаж байгаа энэ нөхцөлд үүнийгээ төсвийн тодотголд хангалттай суулгаж чадаж байна уу, үгүй юу? Яагаад үүнийхээ бэлтгэлийг хангалттай бэлтгэж чадаагүй өдийг хүрсэн бэ? Нилээд урт хугацаанд бэлтгэл хангагдсан. 

Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ