МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан: Бид хүүхдүүддээ сайн зан чанар төлөвшүүлэхгүйгээр ёс зүй шаардах боломжгүй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.29/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Боловсролын багц хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан.

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн зорилго, зорилтод ...сайн зан чанартай иргэн бэлдэх гэдэг үг хасагджээ. Энэ үгийг яагаад хассан бэ? Бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, ялангуяа зан чанарыг судалсан судалгаа хийгдээд үүнийг хассан уу? Ямар учир шалтгаантай вэ? Өндөр хөгжилтэй орнууд ялангуяа бидний туршлага судалдаг Скандинавын орнууд Сайн зан чанартай иргэн бэлтгэхэд гол бодлогоо чиглүүлдэг. Уг өгүүлбэр яагаад хуулиас хасагдав.

Зан чанарын судалгаа хийгдсэн үү? Сайн зан чанартай, Монгол дотортой Монгол хүн бэлтгэх гэсэн үсэг өгүүлбэр энэ хуульд харагдахгүй байна. Байгаа юу? Ерөнхий боловсролын хуулийн зорилтод ёс зүйтэй иргэн бэлтгэх гэж оруулсан байна. Бид нар хүүхдүүддээ сайн зан чанар төлөвшүүлэхгүйгээр ямар ёс зүй шаардах юм бэ?

Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчтэй болно гэж байна. Энэ бол маш чухал зорилт юм. Сэтгэл зүйчидээ СӨБ болон 0-3 насанд сайн зан чанар төлөвшүүлэхэд хэрхэн ашиглаж, хамтран ажиллах вэ? Зан чанар гэдэг бол 0-3, 3-5 нас бус шат шатандаа, нас насандаа хүүхдүүддээ төлөвшүүлэх ёстой. Тиймээс эцэг эхчүүд, СӨБ-ын тогтолцоонд сайн зан чанарт бэлтгэх зөвлөмжийг яамнаас гаргах уу?

Англи хэлийг үндсэн хэл болгоно гэсэн зүйл байна. Орос хэл хасагдаж байгаа юу?"

Түүний асуултанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ