МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардын хувьсгалын ойн медаль 150 мянган ширхэгийг гаргана
2021.06.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ардын хувьсгалын ойн медаль 150 мянган ширхэгийг гаргана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

НББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. 

Уг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлжээ. 

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ.

Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.

ШИНЭ МЭДЭЭ