Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга сонсов
2021.06.15
Хүний эрх

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга сонсов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, цахим хэлбэрээр хуралдаж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэлдээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулж, ахлагчаар нь миний бие, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, нарийн бичгийн даргаар Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажиллаж байгааг дурдаад  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын талаар олон нийтэд мэдээлэх, шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хэвлэлийн хурлыг Ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.  

    Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг оролцогчоор бүртгэн, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу илтгэгч гишүүнийг томилон ажиллуулж байсан хэдий ч Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой бүх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл ажлын хэсгийн үйл ажиллагаа түдгэлзээд байгааг дурдав. 

    Монгол Улсын Их Хурлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 41 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонгоос 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/231 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр холбогдох бэлтгэлийг хангаж байгаа талаар Хууль зүйн байнгын хороонд мэдэгдсэн гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулгадаа онцолсон. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүний сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэлдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулж, Ажлын хэсгийн анхны хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяаг сонгосон.

Нийт шүүгчийн чуулганы талаарх мэдээллийг шүүгчдэд хүргэх, холбогдох дүрэм, журмын төслийг танилцуулж санал авах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн материалтай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс чуулганы цахим хуудас www.judges.shuukh.mn-ийг хөгжүүлсэн бөгөөд нийт 466 шүүгч өөрийн нэвтрэх эрхийг идэвхжүүлэн ашиглаж байна. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлыг хуульд заасан хугацаа, төлөвлөгөө, шаардагдах зардлын тооцоог гаргах, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, шүүгчдийн вакцинжуулалтын судалгаа авах, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хувилбар, тооцоо гаргах зэрэг ажлыг тухай бүр хэрэгжүүлээд байна.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авах тухай зарыг байршуулах, хүсэлт хүлээн авах, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг хуульд заасны дагуу олон нийтэд танилцуулах, сонирхогч этгээдээс санал, асуулт хүлээн авч, Ажлын хэсэгт зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс дараах саналыг боловсруулсан байна.

  1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно гэж заасан бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Нийт шүүгчийн чуулганыг 120 хоногийн хугацаанд зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  3. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахад тодорхой хэмжээний төсөв, хөрөнгийн асуудал шаардлагтай болсон бөгөөд тус хуулийг батлах үед 2021 оны төсөв батлагдсан байсан тул үүнийг зайлшгүй шийдвэрлэх шаардлага гарсан тул дээр дурдсан нөхцөл байдал арилан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үед шаардагдах төсөв, санхүүгийн асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судлан шийдвэрлэх.
  4. Шүүн таслах ажиллагааг бие даан хараат бусаар явуулах, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй хүргэх нөхцөлийг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зориулалтын шаардлага хангасан барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэх, төрийн өмчийн зарим барилгыг шүүн таслах үйл ажиллагаа явуулах зорилгоор шүүхийн байгууллагад шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах нөхцөл үүссэнийг саналд дурдаад үүнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсан байна.  

Ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ