МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бор хошууны Ц.Виктор эмч “Алтан гадас” одонгоор шагнуулав
2021.06.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бор хошууны Ц.Виктор эмч “Алтан гадас” одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртсэн Өлзийт сумын малын эмч Ц.Виктор шагналаа өөрийн ажиллаж, амьдардаг Бор хошуу багийнхаа иргэдтэй хамтдаа хүлээж авлаа.

Насаараа малын эрүүл мэнд, мал аж ахуйн хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн Виктор эмч одоо ч хол ойрын малчдад эм тариа дөхүүлэх, малыг нь анагаах ажлыг цаг наргүй хийсээр л яваа юм. Бор хошуу багт хийсэн уулзалтад ирсэн малчид “Хөдөө аж ахуйг дэмжих жил”-ийн хүрээнд аймаг орон нутгаас тавьсан том зорилтын нэг малын тэжээл тариалж, өөрийгөө болон өрөөл бусдыг хангаж жил жилийн өвөл хавар өвс тэжээлийн үнийн дарамтаас ангижрах нэг боломж хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн.


Мөн УИХ-аар баталсан Хоршооны тухай хууль малчдад ямар давуу байдал авчирч буйг сонирхож байлаа.
Манай малчид байгаль цаг уурын эрхшээлд хэдэн малынхаа аясаар нүүж сууж мал аж ахуйг хөгжүүлнэ гэдэг хэцүү болсныг ойлгож байгаа юм. Тиймээс хөрөнгөө, хөдөлмөрөө хорших замаар хоршоог хөгжүүлж үр шимийг нь хүртэх талаар чамгүй их мэдээлэлтэй байдаг.

Тэдэнд энэ удаагийн Хоршооны хуулийн шинэчлэлээр хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх боломж бодитойгоор нээгдсэн талаар болон хоршооны өөрийн хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгосноор хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндэс бүрдэж, хоршоог бие даан хөгжих, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдсэнийг танилцуулсан.

Түүнчлэн орон нутагт байгаа Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчилснөөр хоршооны үйл ажиллагааг дэмжих, мөн хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөнд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан болон Хоршооны хөгжлийн санд тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болж байгаа зэрэг олон зохицуулалтууд хуульд орсныг ч тайлбарлалаа.

Манай малчид УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд баталж гаргасан хуулиуд, түүнд орсон өөрчлөлтүүдийн талаар энгийнээр тайлбарлан таниулах явдал дутмаг байгааг шүүмжилж байлаа. Өлзийт сумынхан баг бүртээ вакцинжуулалтын баг гарган ажиллуулснаар 1-р тунгийн хамрагдалт 80 гаруй хувьтай, 2-р тунгийнх 40 хувь давсан үзүүлэлттэй яваа юм билээ.

ШИНЭ МЭДЭЭ