Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй
2021.05.20
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас нийслэлийн автомашины түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг төсөвлөх шийдвэр гарсан. Энэ бол нийслэлийн хувьд түүхэн шийдвэр. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-420 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, ямар үр дүн гарах вэ?

-1990-ээд онд нийгэм өөрчлөгдөж, чөлөөт зах зээл, ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудал орхигдож ирсэн. Үүнийг 30 жилийн хуримтлагдсан асуудал гэж ойлгож болно. Хотын үе үеийн Засаг дарга нар асуудлаа шийдэх гэж Засгийн газрын түвшинд, хууль, эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт оруулаад, зохих түвшинд нь хамтарч ажиллаж ирсэн.

Улаанбаатар хотод бүх яам үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот олон оролцогчтой байдаг учир олон асуудал тулгардаг. Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хөрөнгө, санхүү дутмаг байдал үеийн үед байсан. Засаг дарга нар өөрсдөө бие даасан эдийн засагтай болох, иргэд рүү чиглэсэн үйлчилгээг сайжруулах чиглэлд хөрөнгө, санхүү байнга хомсдож ирсэн. Бүх Засаг дарга нар хотоо сайхан байлгах гэсэн нь ойлгомжтой. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй, боогдмол байдлаас үүдээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг хэсэгчилсэн байдлаар шийдээд, энэ цаг үед хуримтлагдаж ирсэн.

Ер нь хот 1990-ээд оноос хойших хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийн өр, төлбөр, зээлтэй байна. Би Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож ирснээсээ хойш хотын санхүүгийн талаар, өр, зээлийн талаарх статистик мэдээллийг бодитоор гарга гэдэг үүрэг өгсөн. Бид өөрсдийгөө хуурч болохгүй, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгээ УИХ-ын түвшинд, Засгийн газрын түвшинд зөв ойлгуулж тайлбарлах ёстой. Улаанбаатар хотод өнөөдөр хөрөнгө мөнгө хүрэлцдэггүй гэдэг асуудал яригддаг. Энэ нь бодитой. Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засаг, санхүү, мөнгөний хуримтлалтай болж байж зээлийн төлбөрүүдийг төлнө. Монгол Улсын хариуцсан өр төлбөрийг бид хойшлуулаад явж байгаа.

Энэ мэтчилэн асуудал хотод их бий. Үүнийг үе үеийн Засаг дарга нар төдийлөн ярьдаггүй, төсөв, санхүү, мөнгөтэй холбоотой маргаанууд их гардаг байсан. Өнөөдөр ч гэсэн маргаан их байна. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хотын эдийн засаг улам хүнд болж, аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, ажлын байр багасаж, Улаанбаатар хотын үндсэн төсвийг бүрдүүлдэг хүн амын орлогын албан татвар төлдөг аж ахуйн нэгжүүд цөөрсөн. Үүнээс болж улсын төсөвт жил бүр суулгаж өгдөг, төсөв рүү оруулдаг шууд орлогын төлөвлөгөө тасарч эхэлсэн.

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 156 тэрбум орчим төгрөгийн шуудын орлого тасарсан. Түүний өмнө 283 тэрбум төгрөгийн орлого биелсэн. Өмнөх жилүүдэд төвлөрүүлэх орлого бага байсан. 2013 оныг 2021 онтой харьцуулаад харахад, төвлөрүүлэх орлогын хэмжээ 27.6 дахин нэмэгдсэн байдаг. Дулаан, цахилгаан, засвар зэрэг иргэдэд хүрэх бүх төрлийн үйлчилгээнд хот өөрөө урсгал зардлаа гаргаж, засвар үйлчилгээгээ хийдэг. Орчны тохижилт, ногоон байгууламж, ариутгал, халдваргүйжүүлэлт, нүхэн жорлон янзлах зэрэг асуудлын зардлыг нэмж өгдөггүй. Асуудал эндээс үүсдэг. Энэ асуудлыг шийдүүлэхээр би Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг холбогдох сайд нартай уулзаж, ярилцсаны үр дүнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргасан.

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал хүнд байгаа. Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй. Том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй.

Энэ бол хот өөрөө чадваргүйдээ биш. Эрх барьж байсан Ардчилсан нам Э.Бат-Үүл даргын үед Чингис бондын 1.5 их наядыг Хөгжлийн банкаар дамжуулаад хотын 33 уулзварыг өргөтгөх ажлыг хийсэн. Тухайн үед төлөвлөж байгаа орлогыг нэг жил тэглэсэн.

Э.Бат-Үүл даргын үед хөрөнгө, санхүү их байсан учир мэргэжлийн хүмүүсийг төслийн багуудад ажиллуулж, хотын бүтээн байгуулалт, гудамж төсөл, хот, нийтийн аж ахуйтай холбоотой ажлуудыг эрчимтэй хийсэн. Түүнээс хойш тэр хэмжээнд хүрэх ажил хийж чадаагүй.

Миний зорилго бол төлөвлөлтийг томоор харъя гэж байгаа юм. Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байдлаар цаашид явах ёстой. Тэгж байж хот тулгамдаж байгаа асуудлаа шийднэ. Сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтөд хотод мөнгө байдаггүй. Үүнээс эхлээд Сангийн яамтай зөрчил үүсдэг. Энэ бол Сангийн сайд Хотын дарга хоёрын хоорон дахь маргаан биш. Ажил, чиг үүргүүдийн хооронд явж байгаа зарчмын зөрүүтэй асуудлаас үүдсэн маргаан. Энэ бол ажил хэргийн маргаан.

-420 тэрбум төгрөгөөр зам барина гэж ойлгосон. Авто замын түгжрэлийг бууруулна гэдэг бол цогц ойлголт. Үүнийг та задалж тайлбарлана уу?

-420 тэрбум төгрөгийг зөвхөн замын асуудалд зарцуулахгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэл болон газар чөлөөлөлт, сургууль, цэцэрлэгт зарцуулна.

Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон шинэчлэл хийгдээгүй. С.Баяр Ерөнхий сайдын үед Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 500 гаруй автобус авч ирж, парк шинэчлэл хийсэн. Энэ тухайн үеийн иргэдийн сэтгэл санаанд нийцсэн томоохон үйл явдал болсон. Түүнээс хойш БНСУ, БНХАУ-аас нийтийн тээврийн шинэчлэлийг хийх хүсэлт ирж байсан боловч санхүүгийн хомсдолоос болж хийж чаддаггүй байсан. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнуудтай хамтран Улаанбаатар хотод 10 дэд төвийн хэсэгчилсэн байгууламж, инженерийн шийдлүүдийг хийж байна.

Тэр хавийн газар чөлөөлөлтийг хийж байгаа. Хотын хүлээсэн үүрэг гэж бий. Газар чөлөөлөлтөд тодорхой үнийн дүн тавих, газраа чөлөөлсөн иргэнийг эргээд хөрөнгөжүүлэх ажил хийж байгаа. Энэ нь эргээд орон сууцны найман хувийн зээл, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах шууд нөлөөллүүд бие биенээ дэмжээд явж байгаа схем рүү орно гэж тооцох ёстой. Нөгөө талдаа нүхэн гарц, гүүрэн байгууламж бий. Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний нэгдсэн зохицуулалтын төвд 2010 оноос хойш шинэчлэл хийгдээгүй. Камер, нарийвчилсан программууд хоцрогдсон.

Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөнийг бүрэн хянахын тулд камержуулалтыг шинэчлэх ёстой. 14 мянга орчим камер хотын нэгдсэн сүлжээг хянадаг. Замын нэгдүгээр эгнээг ард түмний зам гэж ярьдаг. Үүгээр зөвхөн нийтийн тээвэр явах ёстой. Түүнд шаардагдах нийтийн тээврийг 420 тэрбум төгрөгөөс зарцуулах зохицуулалт хийнэ. Үлдсэн санхүүгийн эх үүсвэрийг лизинг зэрэг санхүүгийн олон хэлбэрээр зохицуулна. 420 тэрбум төгрөг 2021-2024 оны төсөвт сууна. 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зураг төсөл, тооцоо судалгаатай төслүүдэд хийнэ. Зураг төсөлгүй ажилд шууд хөрөнгө оруулалт хийхгүй. Энэ нь хууль зөрчинө. Хариуцлагатай тогтолцоо руу явж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Таныг яг ямар ажил хийхээ 30 хоногийн дотор төлөвлөж ир гэж Ерөнхий сайд үүрэг болгосон. Танд бэлэн төлөвлөгөө юу байна вэ?

-Би 33 агентлагийн дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Засгийн газрын түвшинд маш өндөр итгэл хүлээлгэсэн. Улаанбаатар хотын иргэд харж байгаа учраас өнөөдрөөс жинхэнэ “тулаан” болох ажилдаа орно.  Нарийвчилсан төлөвлөгөөг долоо хоногоор шахаж явна. Засаг даргын зөвлөлийн хурал 14 хоногт нэг удаа хуралддаг байсныг долоо хоногт нэг удаа хуралддаг болгосон, сар тутамд Ерөнхий сайдад ажлаа танилцуулна. Хийж хэрэгжүүлэх ажлынхаа эрэмбэ дарааллыг 30 хоногийн дотор гаргаж байгаа.

Улаанбаатар хотын их тойруу буюу 71.5 км зам бол гэр хороолол, хотын төвийн ялгаа заагийг арилгах, Улаанбаатар хот 2040, 2050 онд ямар болох, ямар хөгжлийн бодлоготойгоор явах вэ гэдгийг тодорхойлох эдийн засгийн том хөшүүрэг, дэмжлэг болно. Үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, бүх төрлийн үйлчилгээнүүд бий болно. Дэд бүтэц хийгдэнэ. Тэнд байгаа иргэдийн газар эдийн засгийн эргэлтэд орно. Бодит зах зээлийн үнэ ханшаар тооцно. 0.07 га газартай иргэн банканд зээлийн хүсэлт өгөхөөр босго давж чаддаггүй. Бодит үнэ нь зах зээлд нийцсэнээр газар нь эдийн засгийн эргэлтэд орох тогтолцоонд хүрнэ. Нийслэлд ахиад 0.07 га газар олгохгүй гэсэн хатуу бодолтой байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотын  иргэдийн эзэмшсэн газрыг үнэгүйдүүлж болохгүй.

Улаанбаатар хотын иргэн юугаараа давуу эрхтэй байх вэ гэвэл нэгдүгээрт, газар эзэмшинэ, өмчилнө. Хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулах олон давуу талыг бүрдүүлнэ. Татвараа төлж байгаа, тэр нь хотын өнгө үзэмжийг сайжруулахад зарцуулагдаж байгаа учраас хотын иргэн гэж бахархах давуу байдлыг бид гаргаж байх ёстой. Эмнэлэг, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хөнгөлөлтийг хотын иргэдэд үзүүлж байх ёстой. Эдийн засаг сайжраад ирвэл хот өөрөө санхүүгээ босгох зохицуулалтыг эрх зүйн талаас нь судалж байгаа. Эдийн засаг сайжирч байж дараагийн шатны бодлогыг явуулахгүй бол шууд зохицуулалт хийж болохгүй. Хотын иргэдийн газар, өмч үнэ цэнтэй байх ёстой гэж би боддог. Үүнийг хийхийн төлөө ажиллана.

2021, 2022, 2023, 2024 онд юу хийх вэ гэдгийг жил жилээр тооцож, төлөвлөгөө гаргана. Энэ бол том ажил. Гэхдээ бидний зорилго, бодол том байх ёстой. Улаанбаатар хот 1980-аад оны дунд үед 450 мянган хүнтэй байсан бол өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Асар их ачаалалтай байгаа хотын зохицуулалтыг бид зөв хийхийн тулд тэр хэмжээний том хөрөнгө оруулалт, том бодлого хэрэгтэй. Ингэж харж байж бид хотоо 2040 онд ямар байх вэ гэдгийг тодорхойлно. Тиймээс өнөөдрийн шийдвэр түүхэн шийдвэр юм.

420 тэрбум төгрөг, гаднын зээл тусламжаар хийж байгаа ажлуудыг бүгдийг нээлттэй хийнэ

-Нэн яаралтай хэрэгжүүлэх ажилд багтаамж ихтэй нийтийн тээврийг нэрлэсэн. Үүн дотроо метро, Light Rail Transit /LRT/ орж байна. Метро үе үеийн Засаг дарга нарын үед яригддаг ч ажил болдоггүй.  LRT ямар давуу талтай вэ?

-Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэг саяас дээш хүн амтай хотууд нэвтрүүлдэг. Улаанбаатар хот одоо тэг зогсолт дээр ирчихээд байна. Зорчих хөдөлгөөний дундаж хурд 13 км цаг. Оргил ачааллын үед 8-9 км цагийн хурдтай байна. Дэлхийн стандарт 10 км цагийн хурдыг тэг гэж хардаг. Бид яаралтай арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэхгүй бол 2025 онд автомашины тоо 910 мянга орчим, хөдөлгөөний хурд зургаан км цаг болно. 2030 онд автомашины тоо 1.2 сая, хөдөлгөөний хурд гурван км цаг болох нь. Энэ бол ямар ч хөдөлгөөнгүй зогсоно гэсэн үг. Энэ нь олон улсын үнэлгээгээр F буюу хамгийн муу үнэлгээ. Энгийнээр хэлэхэд, Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сүйрэлд ирсэн байна.

Багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нь 20-30 мянган иргэнийг тээвэрлэх хүчин чадалтай. Метро, Light Rail Transit хоёр зарчмын зөрүүгүй. Газар доогуурх байгууламжаар Light Rail Transit явдаг. Япончууд метроны судалгаа хийсэн. Долоон км газар доогуур явж, хоёр талдаа тав таван км ил гарах. Нэг тал нь 25-р эмийн сан орчмоос, нөгөө тал нь Офицеруудын ордон орчмоос ил гарах зураглал явж байгаа. 20-30 метрийн гүнд долоон км зам метро хэлбэрээр Light Rail Transit яваад, хоёр тал руугаа ил гарч явах нь хэвтээ тэнхлэг. Босоо тэнхлэгийн хувьд Буянт-Ухаагаас хойшоо 7 буудал хүрэх. Метроны ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурдыг эрс нэмэгдүүлэх юм. Нөгөө талаас түгжрэлийг 17-22 хувь бууруулна.

Судалгаанд оролцсон иргэдийн 34 хувь нь шинэ машин авах бодолтой байна, 45 хувь нь ая тухтай, дулаан орчныг бүрдүүлсэн нийтийн тээвэр байвал машин авахаа бодолцоно гэж гарсан. Бид орчин үеийн шаардлагад нийцсэн, интернэт орчинтой, гадна, дотор талдаа камертай, хяналттай, нэгдүгээр эгнээгээр явдаг стандартын нийтийн тээврийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Б.Мөнхбаяр даргын үед ч, Э.Бат-Үүл даргын үед ч, С.Амарсайхан даргын хувьд ч яригдаж байсан. Өнөөдөр бодит ажил болох ёстой гэж би боддог. Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга төрийн бодлогын залгамж чанарыг хангах хэрэгтэй. АН, МАН байх нь хамаагүй. Тухайн шийдвэр иргэдэд хүртээмжтэй байх хэлбэрээр явах ёстой. Тийм учраас зөв шийдвэрийг би дэмжинэ.

-Гол авто замуудын сүлжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөний тухай мэдээлэл өгөхгүй юү?

-Улаанбаатар хотыг харахад торлосон болон дөрвөлжилсөн холбоосууд муу. Уулзварууд нь нэг огтлолцолтой, гэрлэн дохион дээр очоод ар араасаа гацдаг. Дунджаар нэг км замд 10 минут зарцуулж байна. Холбоос замуудыг зайлшгүй хийх ёстой. Бид бүх аймгаа мянганы замаар холбосон. Одоо Улаанбаатар хот доторх замуудынхаа эрчмийг сайжруулж, холболтуудаа хийж өгөх ёстой. Хотын гудамж, замын өргөтгөлд 82.4 км, хотын тойрог замын сүлжээнд 71.5 км зам тавина.  

Үүнийг би хөгжлийн зам гэж харж байгаа. Яагаад гэвэл гэр хороолол дундах амьдралын чанар, газрын бодит үнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өснө. Зам дагаж хөгжил ирдэг гэж ярьдаг. Хороолол дундах холбоос замуудыг зайлшгүй хийх ёстой. Энэ нь 70.2 км зам байгаа. Эдгээр зам, мөн зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүрний шинэчлэл, явган хүний зам, дугуйн замыг бид зайлшгүй барих ёстой. Залуучууд, хотын иргэд явган явах, дугуйгаар зорчих хүсэлтэй байна. Үүнийг бид, хийж хэрэгжүүлэх ёстой. Уулзваруудын талаар сошиал орчинд тойрог хэлбэрийн гэж буруу ойлголт явж байна. Миний өгч байгаа үүрэг, чиглэл бол мэргэжлийн түвшний, олон улсын судалгааны байгууллагын хүмүүстэй ярилцаж, хоёр түвшний огтлолцолтой замын уулзваруудыг хийх юм. Ингэвэл Улаанбаатар хотын бүх нэвтрэх чадамж, зорчих хөдөлгөөн хурдацтай явна. Мөн алдагдал багасна.

Туннелийн системээр нүхэн гарц хийж, зөвхөн зөв тал руугаа эргэдэг дүрмээр гүүрэн гарцуудаа хийхэд нэвтрэх хөдөлгөөн маш хурдацтай нэмэгдэх юм. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шатандаа явж байгаа. Хийж дууссаны дараа нээлттэй танилцуулна. 420 тэрбум төгрөгийн ажил, гаднын зээл тусламжаар хийж байгаа ажлуудыг бүгдийг нээлттэй явуулна гэж бодож байгаа, бүх мэдээллийг өгч явна. Нээлттэй Улаанбаатар гэсэн сэдэвчилсэн уулзалтыг сэтгүүлчидтэй сар бүр хийж иргэддээ мэдээлэл өгнө. Бүх юм ил тод явах ёстой.

-Богдхан төмөр зам нэлээн хүлээлттэй байх шиг байна?

-Богдхан төмөр замыг бид зайлшгүй хийх ёстой. Гол явж байгаа замын урсгалыг Рашаант өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү оруулж, Багахангайгаар дайруулах 170 км төмөр зам юм. Энэ төмөр зам хоёр улсын хооронд хийж байгаа ачаа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх тооцоотой. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яамтай ярьж байгаа. 40 км зам нь хотын газар нутгаар дайрч өнгөрнө. Үүний 7.2 км орчим нь туннелийн систем. Бид энэ ажлыг хийх ёстой.

Яагаад гэвэл Хөшигтийн хөндий олон улсын нисэх онгоцны буудал, хурдны замтай холбогдоно. Олон улсын, хот хоорондын төвүүд байгуулагдана. Тэндээс худалдааны том ачаа буулгалт явна. Үүнийг тойрсон Хөшигтийн хөндий буюу хот төлөвлөлт хийх, чөлөөт бүс байх уу гэдэг концепцыг Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хийж байгаа. Хот өөрийнхөө оролцох ёстой зүйлдээ оролцож, шийдвэртэй алхмуудыг хийж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс өнөөдрийн тогтоолд орсон зургаан заалт бол маш чухал. Үүнийг хийж чадвал бид 2025 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулж, зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж хурдыг 20.5 км цагт хүргэх бололцоо үүснэ.

-Наадам өнгөрөөгөөд хотын захиргаа шинэ байр руугаа нүүх үү?

-Ерөнхий сайд үүрэг, даалгавар өгсөн. Агентлаг болон харьяа газруудын байрны үлдэгдэл санхүүжилт шийдэгдээгүй учраас ашиглалтад орох болоогүй. Бид гуравдугаар улиралдаа багтахгүй бол ондоо багтаж нүүхээр төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар 60 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Харьяа, дэргэдэх байгууллагуудтайгаа цуг нүүж байж, хотын ажил явна.

Би нэг байранд нь Монголын залуучуудын инновацын төвийг барьж байгуулах хүсэлтэй байгаа. Инновац, старт ап компаниудыг дэмжих төвийг хот дэргэдээ авч, дэмжлэг үзүүлж, олон улсын хөгжлийн “урдуур дайрна”. Ерөнхий сайд Цахим бодлогын яам байгуулах чиглэлтэй байгаа. Үүнтэй уялдуулж Засаг дарга дэргэдээ инновацын төв байгуулж, Засгийн газрын түвшинд уяж, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна. Эдийн засгийн 64.7, мөнгөний эргэлтийн 75, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75 хувь гэсэн том зах зээл байгаа учраас үүнтэй уялдуулж, залуустай мөр зэрэгцэж, тэдэнд хүчээ өгч, тэдний дэмжлэгийг авч, боломж олгож явна гэсэн бодлогыг хэлсэн. Хангарди ордны хувьд Засгийн газрын түвшинд асуудлыг шийдэх байх.

 

ШИНЭ МЭДЭЭ