2021.05.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Г.Дамдинням гишүүн Ерөнхий сайдын хамт Дархан-Уул аймгийн ногоочидтой уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дархан-Уул аймагт ажилласан бөгөөд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар тус аймгийн Орхон сумын ногоочидтой уулзлаа.
Дотоодын төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг дангаараа хангадаг Орхон сумын ногоочдын зүгээс банкны зээлийн хүүгийн дарамт, дэд бүтэц, зоорь зэрэг хэд хэдэн чухал асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавив.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 3%-ийн хүүтэй хөнгөлөлтэй зээлэнд хамрагдах, тус зээлийн хугацааг 3 жил болгон сунгах хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс өвлийн хүлэмж, стандартын шаардлага хангасан зоорь, механикжуулалтын асуудлыг ойрын үед шийдэж өгнө гэлээ.
Түүнчлэн хүнсний ногооны тээвэрлэлт, хадгалалтын дэд бүтцийг улсын хэмжээнд бодлогоор анхаарч ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр дотооддоо хангах Засгийн газрын бодлогыг эрчимжүүлэх, гадаадад экспортлох чиглэлд шийдэл гаргахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд ногоочдынхоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж бизнесээ эрхлэх боломжоор хангах, ахуй амьжиргаагаа сайжруулах чиглэлд нь чухалчлан анхаарч Засгийн газарт уламжилж байсан саналууд нь дэмжигдэн ажил хэрэг болж эхэлж байгаад баяртай байгаа илэрхийллээ.