2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг анхны хэлэлцүүлгээр батална
2021.05.11
Эдийн засаг, Худалдаа

2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг анхны хэлэлцүүлгээр батална

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 14 цагт гишүүдийн 57 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хэлэлцэв. 

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс Оюутолгойн ордын орлогыг хуулийн төсөлд хэрхэн төсөөлж тусгасан болон уг ордоос татварын орлогоо бүрэн авч чадах эсэх, цаашлаад Засгийн газрын өрийг бууруулахад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулж байлаа. 

Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн хариултдаа, 2022 онд Оюутолгойн ордоос 600 гаруй тэрбум төгрөгийн татвар авахаар төсөөлсөн байгааг дурдахын зэрэгцээ татварын акт, хяналт шалгалтын үр дүнд тус компанитай холбоотой зэсийн баяжмалтай дагалдах элементээс  Монгол Улсын татварын алба татвараа бүрэн авна гэсэн байр суурьтай байгаа гэв. 

Улсын Их Хурлын 2019 оны “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги баримт бичиг батлах тухай” 55 дугаар тогтоолыг баталсан байдаг.  Энэ хүрээнд бид ажиллаж байгаа. Одоогоор Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан  хариултдаа онцолсон.

Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ