Хашаандаа мод тарьж, "Ногоон Өлгий"-г бүтээх уралдаан зарлалаа
2021.05.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хашаандаа мод тарьж, "Ногоон Өлгий"-г бүтээх уралдаан зарлалаа

УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийн төвийг жишиг ногоон бүс болгох, амьдрах орчноо сайжруулах, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчинг өвлүүлэхэд иргэдийг оролцоог нэмэгдүүлж улмаар байгаль орчноо хайрладаг, экологийн боловсролтой иргэдийг төлөвшүүлсэн “НОГООН ӨЛГИЙ”-г бий болгох зорилгоор “ХОГ БИШ МОД ТАРЬЖ НОГООН ӨЛГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уралдааныг санаачлан эхлүүлээд байна.

Уралдааны хүрээнд,
  1. Өлгий сумын өрх бүрийг моджуулах, (2021 оны хоёрдугаар улирал)
  2. Аж ахуй нэгжийн оролцоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах - ААН бүр 100 ширхэг мод. (2021 оны дөрөвдүгээр улирал)
  3. Өлгий хотын хосуудын нэрэмжит “Хайрын модон төгөл”-г бий болгох (2022 оны хоёрдугаар улирлаас)
  4. Иргэдийн оролцоотойгоор Өлгий сумын жишиг ногоон байгууламжтай гудамжийг бий болгож тохижуулах (2023 оны хоёрдугаар улирлаас) зорилт тавьжээ.

Баян-Өлгий аймаг

Манай орны ойн сан 18.3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 8 хүрэхгүй хувийг эзэлдэг. Ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг. 2020 оны судалгаагаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд нийт 8500 гаруй өрх оршин суудаг байна. Аймгийнхаа нийт айл өрхүүд хашаандаа 10-хан мод тариснаар Өлгий хотод 85.000 мод бий болох боломжтой юм.

Уралдаанд оролцох айл өрхүүд гишүүний санаачилгыг дэмжиж, хэдийнэ мод тарьж эхэлжээ. Уралдаанд оролцогчид хашаандаа хамгийн олон мод тарьж, арчилж тордсон байх, тарьсан мод нь зөв байршилд арчилгаа сайн хийгдсэн байх, тарьсан мод бүр амьд байх, 2021 оны хавраас тарьсан мод байх, айл хөрш, баг хороондоо үлгэр жишээ байж, бусдад нөлөөлөх санал санаачлагуудыг гаргасан байх гэсэн үндсэн шаардлагуудыг биелүүлэх ёстой аж.

Дээрх нөхцөлийг хангасан айл өрхүүд хашаандаа мод тарьж буй зургаа өөрийн фэйсбүүк хуудаст хийж “Би УИХ-ын Т.Аубакирын санаачилж буй “НОГООН ӨЛГИЙ” аян нэгдэж мод тарилаа” хэмээн бичиж пост оруулж эхэлжээ. Уралдааны болзлын дагуу цахим хуудастаа оруулах постонд #nogoon_ulgii хаштагыг заавал ашиглана. Мод тарьж буйгаа зураг болон бичлэгээр баталгаажуулж https://www.facebook.com/aubakir.mn фэйсбүүк хаягт өөрийн нэр, аль баг хорооны иргэн болохоо бичиж илгээх юм байна.

Т.Аубакир гишүүний санаачилсан энэхүү уралдааны шагналын сан 30 сая төгрөг бөгөөд дээрх шаардлагуудыг хангасан нийт 30 айлыг тус бүр 1 сая төгрөгөөр шагнах юм байна. Уралдаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд харьяалагдаж буй бүх хашаатай айл өрхүүд 2021 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл оролцох боломжтой юм. 

ШИНЭ МЭДЭЭ