МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймагт ЗӨСҮТ-ийн явуулын баг ажиллана
2021.04.19
Эрүүл мэнд

Завхан аймагт ЗӨСҮТ-ийн явуулын баг ажиллана

Улсын Онцгой Комисс өнгөрөгч ням гарагт /2021.04.18/ хуралдлаа. Уг хуралдаанаар Завхан аймгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Үүнд:

  1. Зоонозийн Өвчин судлалын Үндэсний төвөөс явуулын лаборатори бүхий багийг 7 хоногийн хугацаатай явуулж, Завхан аймагт ажиллуулах,
  2. Зарим хамгаалалтын хэрэгсэл, оношлуур, Gene expert урвалж ханган нийлүүлэхээр болжээ.

Дээрх шаардлагатай хэрэгсэлүүдийг даваа гарагт Улаанбаатар хотоос Завхан аймаг руу гарахаар болсон байна. ЗӨСҮТ-ийн явуулын баг газар дээр нь ажиллаж, халдварыг шуурхай илрүүлж ажиллана. 

Мөн Завхан аймагт өгөх зөөврийн PCR шинжилгээний аппаратыг Өмнөговь аймгийн Ханбогдын сумын “Цагаан хад” суурьшлаас Улаанбаатар хотод авчирсан. Одоо уг аппаратны нэг хэсэг болох шинжилгээ авах оношлуурыг бэлэн болгохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Оношлуур бэлэн болмогц PCR шинжилгээний аппаратыг оношлуурын хамт Завхан аймаг руу яаралтай хүргүүлэх юм байна. 

Дээрх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэрээр,

"НИЙГЭМ БУХИМДАЛТАЙ АЙДАСТАЙ БАЙНА. ТЭР ТУСМАА ХҮНД ХЭЦҮҮ ЭНЭ ЦАГИЙГ ЭВ НЭГДЭЛ, БИЕ БИЕЭ ХҮНДЛЭН ХАЙРЛАХ УХААН, УУЖУУ СЭТГЭЛ, САХИЛГА БАТ, ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВНА ГЭДГИЙГ УХАМСАРЛАН ХҮН НЭГ БҮР ХИЧЭЭЦГЭЭЕ." ХЭМЭЭН УРИАЛЛАА.

Мөн тэрээр Завхан аймагт коронавирус халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал хүндэрч, Тосонцэнгэл суманд эрдэнэт хүн хорвоог орхисон харамсалтай явдалд болсон тул талийгаачийн ар гэр, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. 

УИХ-ын гишүүний хувьд тэрээр Улсын Онцгой Комисс, ЭМЯ болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж, Завхан аймагт хэрэгцээ шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр хангуулахаар шаргуу ажиллаж байгаа боловч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аймгуудад коронавирус халдвар тархсантай холбогдуулан, улсын хэмжээнд олон асуудлууд тулгамдаж, тавьсан хүсэлт, шаардлагыг шийдвэрлэхэд хүндэрч удааширч байна. Тиймээс Шадар сайд С.Амарсайхантай холбогдож Завхан аймгийн нөхцөл байдлыг анхааралдаа авч, онцгойлон анхаарахыг дахин хүссэн юм. Үүний дагуу Улсын Онцгой комисс хуралдаж дээрх шийдвэрүүдийг гаргажээ. 

ШИНЭ МЭДЭЭ