МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Зориг агсны хэргийг олон улс мартаагүй байна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2008.10.21
Гадаад харилцаа

С.Зориг агсны хэргийг олон улс мартаагүй байна

УИХ-ын дэд дарга Н.Энхболд, гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан болон Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар Швейцарийн холбооны улсын Женев хотноо болсон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 119 дүгээр ассамблейд оролцоод ирлээ.

Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ сарын 13-16-нд болсон ОУПХ-ны ассамблейд 130 гаруй гишүүн орны парламентын төлөөлөгчид оролцож, дөрвөн орон ажиглагчийн статустайгаар оролцжээ. Тус холбоо нь 1889 онд байгуулагдсан ,эдүгээ 150 гаруй гишүүн оронтой , Ассамблей нь жилд хоёр удаа хуралддаг юм байна.

Энэ удаагийн нэгдсэн хуралдаанаар ОУПХ-ны 2008 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон төсвийн тайлан, 2009-2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2009 оны төсөв болон 2009 оны дөрөвдүгээр сарын Эфиоп улсын Аддис-Абаба хотноо зохиогдох 120 дугаар ассамблейн үеэр хэлэлцэх асуудлуудын талаар ярилцжээ. Ирэх онд болох 120 дугаар чуулганаар дэлхий дахинаа нүүрлээд буй санхүүгийн хямрал, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн загварууд, сэргээгдэх эрчим хүч болон цөмийн зэвсэг, зэвсэглэлээр хөөцөлдөхийг хориглох талаар хэ¬лэлцэж, улс орнуудын парламентын баримтлах зарчмын талаар хэлэлцэх аж.

Мөн ОУПХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болж, Намиби улсын Үндэсний ассамблейн дарга ноён Тео Бен-Гурирабыг гурван жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 119 дүгээр ассамблейн үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралджээ. Тус хуралд 40 гаруй орны парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцон илтгэл тавьж, санал бодлоо солилцсон байна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бич¬гийн дарга Ц.Шаравдорж тус нийгэмлэгийн хуралд оролцон нийгэмлэгийн гишүүнээр элссэн аж. Тэрбээр Канад, Австрали, БНПУ, Тайланд, Шинэ Зеланд, БНЭУ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж, Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Жонсон, Индонези улсын парламентын дарга Лаксонотой уулзаж, санал бодлоо солилцсон байна.

Хүний эрхийн дэд хорооноос манай улсаас ямар нэг асуудлаар мэдээлэл сонсъё гэсэн хүсэлтийг албан ёсоор тавиагүй гэнэ. Гэсэн хэдий ч ХБНГУ, Англи улсын парламентын зүгээс С.Зориг агсны хэргийг илрүүлэх тал дээр техникийн туслалцаа үзүүлж болох юм гэсэн санал тавьжээ.

ШИНЭ МЭДЭЭ