П.Очирбал: Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй хүмүүс хүний эрхийн мэдлэг муутай
2021.03.31
Хүний эрх

П.Очирбал: Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй хүмүүс хүний эрхийн мэдлэг муутай

Монголын Эмнести интернэшнл байгууллага “Дахин төлөвлөлт-иргэний оролцоо” эвсэлтэй хамтран  дахин төлөвлөлтийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Энэ үеэр Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, хуульч, өмгөөлөгч, судлаач П.Очирбал "Дахин төлөвлөлтийн ажилд төрөөс онцгойлон анхаарч дээрх алдаа дутагдлыг засах ёстой. Энэ чиглэлээр олон хууль тогтоомж, дүрэм журам гарсан ч бодит байдал дээр хэрэгжилт нь хангалтгүй. Хэрэгжүүлж буй хүмүүс нь хүний эрхийн мэдлэг мэдээлэл, мэдрэмж муутай байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийг цаашид хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бололцоог бий болгох, иргэдтэй бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь чухал" хэмээв.

Тус байгууллагаас хийсэн судалгаагаар дахин төлөвлөлтийн хүрээнд 1500 орчим айл өрх орон сууцанд орсон бол, амьдрах нөхцөл нь хүндэрсэн болон түрээсийн байр, түр орон сууцанд 400 орчим айл өрх амьдарч байна.

Мөн “Дахин төлөвлөлт–Иргэний оролцоо” эвслийн тэргүүлэгч Б.Нямжав “БЗД-ийн 4-р хороонд л гэхэд дахин төлөвлөлт эхэлснээс хойш 15 хүн нас барсан. Түүвэр судалгаанаас харахад дахин төлөвлөлтөд орсон ч байрандаа орж чадаагүй айл өрхүүд түрээсийн төлбөрт дунджаар 19,5 сая төгрөг, тавилга эд хогшил хохиролд 5,8 сая, сургууль цэцэрлэгийн зардалд 6,5 сая төгрөг зарцуулсан гэх судалгаа гарсан” хэмээсэн байна.

2013 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшин болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажил эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 27 байршлын 86 хэсэг болон ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарч, төсөл хэрэгжээд зургаан жил болж байна

ШИНЭ МЭДЭЭ