МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Алтаншагай: Байгаа цаг хугацаандаа чин сэтгэлээсээ ажиллана
2021.03.22
Орон нутгийн хөгжил

Н.Алтаншагай: Байгаа цаг хугацаандаа чин сэтгэлээсээ ажиллана

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай ярилцлаа


-СХД-ийн Засаг даргын ажлыг аваад таван сарын хугацаа өнгөрч байна. Ажлаа юунаас эхлэв?

-Орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнгээр СХД-т МАН үнэмлэхүй ялалт байгуулж, миний бие Засаг даргын албыг хүлээж авсан. Ингээд 2020-2024 оны хугацаанд дөрвөн том зорилтыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Үүнд нэгдүгээрт, энэ дүүрэг гэрэл гэгээтэй, аюулгүй орчинтой байх, хоёрдугаарт, гэр хорооллын болон байшин хорооллын дундах замыг өргөтгөх, шинэчлэх, гуравдугаарт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дөрөвт, хоггүй цэвэр байх гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Харин нийгмийн салбарын хувьд манай дүүрэг өнгөрсөн 2016-2020 оны хооронд хангалттай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийсэн.

Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 57 мянган сурагч суралцаж байна. Гурван ээлжээр хичээллэдэг маш олон сургууль байсан ч одоо бол алслагдсан хорооны нэг сургууль л гурван ээлжээр хичээллэж байгаа. Үлдсэн өргөтгөл, шинэчлэлүүд хийгдэхээр 2022 он гэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн байхгүй болно. Цэцэрлэгт хамрагдалт 2016-2017 оны хооронд 62 хувьтай байсан бол өнөөдөр энэ тоо 86-88 хувь болж өссөн. Энэ нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд УИХ, нийслэл, дүүрэгт МАН ялалт байгуулж, нэг баг болж хамтран ажиллаж чадсаны нотолгоо.

Манай дүүрэг одоо 58 цэцэрлэгтэй, 2021 оны хичээлийн жилд нэмж дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно. Эрүүл мэндийн салбарт Монгол Улсад анхны жишиг эмнэлэгтэй болсныг оны өмнө Улсын комисс хүлээж аваад КОВИД-19-ын үед 100 ор дэлгэж өвчтөн хүлээж авч байгаа. Мөн Баянхошуу амбулатори маань шинэчлэл хийгдээд 150-200 орны хүчин чадалтай болсон.

Цамбагаравт байдаг Эрүүл мэндийн төв дээр 200-250 ортой эмнэлгийн ажил он дамжаад хийгдэж байна. Зураг, төсөл дээр жижигхэн алдаа гарсан учраас засаж залруулахаар ажиллаж байна.

-Таазгүй зураг төсөл гарсан гээд байсан байх аа?

-Тийм. Энэ маань ингээд удахгүй засагдчихаар үйлчлүүлэгчидээ хүлээж аваад эхэлнэ. Үндсэндээ 1992 онд анх дүүрэг байгуулагдсанаас хойш эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын нэг ч барилга баригдаж, засвар шинэчлэл хийгдээгүй байсан юм билээ. Энэ гурван том эмнэлэг бүрэн ашиглалтад орохоор 550-600 орны хүчин чадлаар нэмэгдэж байгаа юм.

-СХД-т улсын хүн амын 10 хувь нь амьдардаг, их том дүүрэг шүү дээ?

-Үнэхээр хүн ам ихтэй дүүрэг. Би ажил аваад статистик мэдээлэлтэй их тулгаж ажиллаж байна. Ингээд статистикуудыг нэгтгээд харахад өнөөдрийн байдлаар 334 мянган хүн амтай, 94280 өрхтэй гэсэн судалгаа гарч байна. Ер нь СХД чинь засаг захиргааны хамгийн том нэгж буюу 43 хороотой хамгийн том дүүрэг. Үүн дээр нэмэгдээд 30 мянган түр оршин суугч амьдардаг.

Дээр нь хороод дээр шилжилт хөдөлгөөн их байна гээд судлаад үзэхээр өөр дүүрэг рүү шилжсэн хүмүүс хаягаа шилжүүлээгүй зөрчил их гарч байна. Бүртгэлийнхэний хэлж байгаагаар өмнө нь байр, хашаагаа зараад явахаараа заавал хаягаа шилжүүлдэг байсан чинь одоо тийм юм байхгүй болчихсон. Мөн байшин хорооллынхон маань дотроо их сэлгэлт хийдэг болсон. Шинэ байртай болохдоо хаягаа хэвээр нь үлдээгээд үлдсэн байраа түрээсэлдэг тохиолдолууд ч их бий болж.

-Өнөөдрийн байдлаар дүүрэгт КОВИД-19-ийн байдал хэр байна вэ?

-СХД-ийн хувьд 2020 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнөөс УОК-ийн шийдвэрээр анхны хөл хорио тогтоосноос хойш энэ оны гуравдагаар сарын 18-ны 11:00 цагийн байдлаар 504 хүн өвчилсөн байна. Хэдийгээр ийм тоо гарч байгаа ч хөөгөөд үзэхээр өнөөх л хаягаа шилжүүлээгүй, өөр дүүрэгт амьдардаг хэрнээ манай дүүргийн хаягтай хүмүүс өвдсөн тохиолдол байна.

Энэ 504 хүн бол иргэний үнэмлэхний хаягаар явж байгаа тоо. Харин үүнээс 350 орчим нь л яг одоо тус дүүрэгт ажиллаж, амьдардаг хүн байгаа юм. СХД-ийн цагдаа, онцгой, эрүүл мэнд гээд мэргэжлийн байгууллагууд өнөөдөр бүхий л хүчин чадлаараа ажиллаж байна. Нилээд хүнд нөхцөл байдлыг манай тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид давлаа. Өнгөрсөн хугацаанд үнэхээр амаргүй байлаа шүү дээ. Ээлжгүй, амралтгүй олон сараар ажилласан. Харин цар тахал гэдэг бол зөвхөн тусгай чиг үүргийн байгууллагын ажилчид, удирдлагуудаас шалтгаалдаггүй, иргэний хариуцлага, хамтын ойлголцол маш чухал юм байна гэдгийг ойлголоо. Өвчин авсан хүн байна гээд мэдээлэл аваад ХӨСҮТ өнөө хүнээ аваад явдаг. Харин байрны орцыг хаагаад шинжилгээний баг ордог.

Тэгээд 2-3 хоногийн дараа давтан шинжилгээ авахаар очих хооронд л хүмүүс бужигначихдаг юм билээ. Ингээд давтан шинжилгээгээр дахиад л нэг хүний хариу эерэг гараад ирдэг. Тэгэхээр хүмүүс маань бас иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байх хэрэгтэй байгаа юм. Харин нэг үеэ бодоход одоо харьцангуй гайгүй болоод ойлголт нь жигдэрчихлээ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тэдэнд зөвлөн туслах багийг 2-3 удаа гарган ажиллуулсан. Шалгаж, нягтлах биш зөвлөн туслах хэрэгтэй байгааг анзаарсан хэрэг л дээ. Олон удаагийн хөл хорионд ороод ирэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд маань хамтдаа халдвар хамгааллын дэглэмээ бариад үйл ажиллагаагаа нээмээр байна гэсэн хүсэлтүүд их ирсэн.

Тэгээд бүх аж ахуйн нэгжүүд маань эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байгаа. Энэ дашрамд дүүргийнхээ нийт иргэддээ УОК, дүүргийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг ягштал баримталж, хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа хэлье. Цар тахал гэдэг үнэхээр амаргүй зүйл байдаг юм байна, нийгэм, эдийн засгийг маш их савлуулдаг. Монгол байтугай дэлхий нийтээрээ үүнтэй тэмцэх арга барилаа одоо болтол нэг л сайн олохгүй байна шүү дээ. Хөл хорьдог, тавьчихаар буцаад ихэсчихдэг, үнэхээр хэцүү юм.

-Вакцинжуулалт дүүргийн хэмжээнд хэр явагдаж байгаа вэ?

-Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд одоогийн байдлаар найман цэг дээр 16 багийн 70 орчим эрүүл мэндийн байгууллагын ажилчид вакцинжуулалтыг хийж байгаа. Эхний ээлжинд аж ахуйн нэгж байгууллагууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, төрийн байгууллага гэсэн үе шаттайгаар хийгдээд явж байна. Боловсролын байгууллагын ажилчид маань энэ сарын 13-наас вакцинаа хийлгэж эхлээд бараг дуусаж байгаа. Одоо 50-64 насны хүмүүсийг хамруулах ажил явагдаж байна. Одоогийн байдлаар багцаагаар 20 гаруй мянган хүнийг хамруулсан.

-Иргэдийн талархалыг хүлээж байгаа гол бүтээн байгуулалтын ажил бол “Баянхошуу” дэд төв. Үүний ажил хэр яваа вэ?

-СХД-ийн 43 хорооны 30 нь бараг дангаараа цэвэр гэр хороолол, үлдсэн нь байшин хороолол байдаг. “Баянхошуу” дэд төвийн ажил маш эрчимтэй явсан. Одоогоор 150 айлын таван га газрыг чөлөөлсөн. Байшин хороолол болгохоор зураг төсөл нь гарчихсан. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал утаа гэдгийг бүгд мэднэ.

Үүнээс салах богино хугацааны хөтөлбөр нь утаагүй түлш. Дунд, урт хугацааны хөтөлбөр нь байшин хороолол бий болгож янданг цөөлөх. Энэ ажил маань “Баянхошуу” дэд төвд үе шаттайгаар хийгдэж байгаа. Цэвэр, дулаан, бохир, дэд бүтэц нь оччихсон. Дулаан орохоор ажил нь үргэлжлээд хийгдээд явна. Маш том хөтөлбөр учраас тодорхой хугацаа орох нь дамжиггүй. Үүнээс гадна бид бүхэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Ингэснээр агаарын тоосжилт, утаа буурах боломжтой гэж харж байгаа. Бид бүхэн модыг тарьж чаддаг ч арчилж, ургуулж чадахгүй юм байна. Тиймээс СХД-ийн хувьд “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г олноор нь бий болгохоор төлөвлөөд судалгаа, тооцооллоо хийсэн. Судлаад үзэхээр “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжтой 57 цэг гарч ирсэн. Манайхан цэцэрлэгт хүрээлэн гэхээр их томоор ойлгодог.

Харин бид нар дүүргийнхээ аж ахуйн нэгжүүдтэй хамтраад 100 метр квадрат газарт л цэцэрлэгт хүрээлэн байгуулааад нэрэмжит болгочих боломжтой. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар усалгаа, арчилгаа маш их хэрэгтэй юм билээ. Ингээд нэрэмжит болгочихвол арчилгаа нь илүү сайжирна гэж харсан. Дээрээс нь нэг чухал зүйл бол иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг нь хангаж дүүргээ хоггүй байлгах тал дээр анхаарч байна. Хог ачдаг компаниудаа бригадын систем рүү шилжүүлсэн.

Нэг хороо руу бүтэн багаараа орж цэвэрлээд дараагийн хороог цэвэрлэх байдлаар зохицуулсан. Энэ нь ч их үр дүнгээ өгч байгаа. МАН өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “10 мянган нүхэн жорлонг соруулдаг болгох”-оор мөрийн хөтөлбөртөө мөн тусгасан. Энэ ажлынхаа эхлэл болгоод 200 айлын нүхэн жорлонг буулгаад оронд нь соруулдаг жорлон барих ажлыг эхлүүлсэн. Дөрвөн жилийн дотор 10 мянган жорлонг ийм болгоно. Тиймээс энэ оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгон зарласан.

-Дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбар бас асуудал нилээд үүсгэдэг?

-Энэ сарын 15-наас зургаадугаар сарын 15 хүртэл иргэдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх аян зарласан байгаа. Энэ аянаар яг наад асуудлыг чинь шийдвэрлэнэ. Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй тавигдсан хаяг, самбаруудыг салгахаар том Ажлын хэсэг гарч байгаа. Энэ чинь өөрөө жижиг юм шиг хэрнээ маш их чухал асуудал. Би орой ажлаа тараад харихдаа өөр, өөр газруудаар явж үздэг юм.

Тэгэхэд нүүрний эгнээний зам битүү самбар болчихсон. Дандаа нийтийн эзэмшлийн зам талбай руу оруулаад хаягаа байршуулчихсан байдаг. Эхний ээлжинд албан ёсоор танай хаяг стандарт шаардлага хангахгүй байна гэдэг шаардлага хүргүүлсэн. Өгсөн хугацаанд хаяг, самбараа янзлаагүй тохиолдолд гагнуурын алх, тасдагчаа авч очоод буулгаад эзэнд нь хүлээлгэж өгнө. Үүнээс өөр арга байхгүй. Бас дээр нь нилээд осолтой хаягдал төмөр авдаг цэгүүд хэд, хэд байна. Тэдгээрийг ч гэсэн зохих цэгцэнд нь оруулахаар судалгаа хийгдэж байгаа.       

-СХД-ийн иргэдийн төрийн байгууллагуудаасаа үйлчилгээ авахад төвөгтэй нэг зүйл нь нэгдсэн байр байдаггүй. Харин шинээр байр барьж эхэлсэн. Энэ барилга хэзээ дуусах вэ?

-СХД-ийн одоогийн энэ байр чинь цэргийн ангийн байр шүү дээ. Анх байгуулагдсан цагаасаа л хойш нэгдсэн байргүй явж ирсэн. Харин 2018 онд шав тавиад барилгын ажил эхэлсэн. Одоо энэ оны зургаадугаар сарын 01-нд барилгаа хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Цар тахалтай холбоотойгоор нэгээс хоёр сар хойшилж магадгүй гэсэн тооцоолол бий. Манай халамж, мэргэжлийн хяналт, боловсролын хэлтэс гээд маш олон байгууллагууд маань бүгд тусдаа, энэ тэнд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ нь иргэдэд их чирэгдэл учруулдаг. Харин нэг дор төвлөрчихвөл иргэд маань нэг дороос төрийн үйлчилгээг чирэгдэл багатайгаар авах бүрэн боломжтой болно.

-Ажилгүйдэл нилээд ихтэй дүүрэг гэж ярьдаг. Тиймээс ирэх жилүүдэд ажилгүйдлийг багасгах тал дээр ямар дорвитой ажлуудыг хийх вэ?

-Шилжин ирэгсэд ихтэй учраас хүмүүс тэгж ярьдаг. Оюутан, сурагчдыг дагасан түр ажлын байр хайж ирэгсэд маш их нэмэгддэг. Дүүргийн замын цагдаагаас өгсөн мэдээллээр 30 мянган түр оршин суугчийг дагаж 15-20 мянган тээврийн хэрэгсэл ирдэг. Энэ нөхдүүд маань нэг ч татвар төлдөггүй хэрнээ, хүн амын тоог механикаар өсгөж, ажилгүйчүүдийн тоог нэмдэг байдал бол бий. Ийм өнцөгийг нь харахгүйгээр ажилгүйдэл маш их гэж ярьдаг л даа. Гэтэл яг энэ дүүрэгт чинь амьдрал буцалж байдаг.

Хэдэн жилийн өмнө Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гараад НҮБ-ийн төсөлтэй хамтран дүүргийн иж бүрэн судалгаа, стратеги гаргаж үзсэн байдаг. Тэгэхэд хүний нөөц байгаа газар эрэлт хэрэгцээ байна, аливаа үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой байдаг гэсэн судалгаа гарсан юм билээ. Бид бүхэн жижиг ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу инкубатори” төвд сургалт явуулдаг. Толгойтод “Эмэгтэйчүүдийг дэмжих төв” гэж бас байдаг, энэ бүгдээрээ дамжуулан жижиг ажлын байр, гар урлалыг бий болгох ажлыг хийдэг.

Би Засаг даргын ажлыг аваад нэг зүйлийг олж харсан нь бид нар эрэгтэйчүүдээ их орхигдуулчихсан юм билээ. Тэгээд СХД-ийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Үүн дээр мужаан, дархан, дээл хийдэг, гутал очдог, зурдаг, бүтээдэг маш олон төрлийн залуучуудаар эрэгтэйчүүдээ хөгжүүлэхийн тулд 2-3 сар инкубатори төвдөө бойжуулаад ажлын байрандаа гаргаад дараачийн хүмүүсээ бэлдэнэ. Дэргэдээ сэтгэлзүйн зөвлөгөө, архинд донтолттой хүмүүст зөвлөгөө дэмжлэг өгдөг байхаар зохицуулж байна. “Муусайн эрчүүдэд эрүүлжих л үлдээ” гэдэг шиг эрчүүд маань үнэхээр орхигдчихоод байна л даа.

-УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгууль хойшлохоор болж байх шиг байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?  

-УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дарга маань хотын МАН-ыг удирдаж ороод Орон нутгийн сонгуульд мөн ялсан. Тэгээд намын олон гишүүд, дэмжигчидээс хүсэлт ирээд албан ёсоор гишүүнээс чөлөөлөгдөж хотын даргын ажилд очсон. Гэсэн хэдий ч Д.Сумъяабазар дарга маань тойрогтойгоо их холбоотой ажиллаж байгаа. Хуучин гишүүн байхдаа яаж ажилладаг байсан, яг л түүн шигээ нөхөж ажилладаг. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт нөхөн сонгуулийг явуулах гэж байгаад хойшлуулахаар болж байх шиг байна. Энэ нь ч зөв байх.

-Нэг нам үнэмлэхүй олонхи болчихоор хяналтгүй болдог гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн 2012-2016 оны сонгуулиар СХД-т холимог байсан. Ардын нам 22, АН 19 суудалтай байсан ч хотод ялсан АН-ын эрх баригчид дүүргийн Засаг даргыг намаасаа тавина гэдэг шахалт үзүүлсэн. Тиймээс Засаг дарга нь АН-аас, ИТХ-ын дарга нь МАН-аас томилогдож дөрвөн жил удирдсан. Харамсалтай нь энэ хугацаанд бодитой хөгжил ирээгүй.

Харин 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ баг үнэхээр сайн ажилласныг иргэд сонгогчид үнэлж сая 2020 оны сонгуулиар сонголтоо хийж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан байх гэж бодож байна. Нийгэмд таны хэлсэн шиг ойлголт, яриа байдаг л даа. Минийхээр бол харин ч илүү хариуцлагатай байдаг гэж боддог. УИХ, нийслэл, дүүрэгтээ нэг нам ялалт байгуулчихаар аливаа ажлыг явуулах, шийдвэрлэхэд үнэхээр хурдтай болчихдог. Дээрээс нь бүх зүйл хууль хяналтын дор явдаг учраас зарим хүмүүсийн ойлгодог шиг хяналтгүй болох боломжгүй.

МАН-ын хувьд асар олон залуучуудаар үеийн үед “цус сэлбэлт” хийж ирсэн. СХД-ийн хувьд дандаа энэ дүүрэгтээ ажиллаж, амьдарч байсан залуучууд л өсөн дэвших зарчимаараа явж удирдаад явж байгаа. Манай дүүргийн удирдлагын багт их залуу баг бүрэлдэхүүн орж ирсэн. Дундаж нь 34-37 нас гэсэн статистик гарсан.

Үүн дээр би хаана ч нүүр бардам хэлнэ, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй. Улс төрийн албан тушаал гэдэг хугацаатай. Яг энэ байгаа цаг хугацаандаа буюу тамга гардаж аваад орж ирснээсээ хүлээлгэж өгтлөө чин сэтгэлээсээ ажиллана гэсэн бодол, зарчим байдаг. Төрийн ажил гэдэг чинь зогсолтгүй үргэлжилж байх ёстой. Баг хамт олондоо ч гэсэн битгий ажил цалгардуулаарай, битгий назгайраарай гэж хэлдэг.

ШИНЭ МЭДЭЭ