УОК: Хөл хорионы үед хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй
2021.02.09
Эрүүл мэнд

УОК: Хөл хорионы үед хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй

УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах 14 салбарын ажил, үйлчилгээг  тусгай горимын дагуу явуулах санал боловсрууллаа.

Цагаан сарын баяраар коронавирусний халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул нийслэлд энэ сарын 11-23-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих буюу хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд зарим хязгаарлалтын дэглэм хуулийн дагуу үйлчлэх бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг  зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын дэргэдэх шуурхай ажлын баг зарим ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах санал боловсруулж, хэлэлцэв. Уг саналаа Монгол Улсын Засгийн газрын  хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй тус 14 байгууллага нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд холбогдох халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллах эрхтэй байх юм. Харин хүнсний дэлгүүр ажиллахгүй гэх зэрэг нь ташаа төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг УОК-оос ард иргэддээ мэдэгдэж байна. 

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ:

Үйл ажиллагаа:

1.Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага 

2.Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа

3.Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4.Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа 

5.Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа  /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6.Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7.Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8.Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9.Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

10.Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11.Банкны цахим болон автомат тооцооны машин

12.Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж 

13.Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14.Оршуулгын үйл ажиллагаа

ШИНЭ МЭДЭЭ