Хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.01.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурдын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы асуултад хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариулт өгсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. “Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн 1 төсөл болгож, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн төслийг суурилан хэлэлцье” гэж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй зөрүүтэй байгаа заалт, зүйлүүдийг зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон санал хураалгав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 1 дүгээр зүйлийн “8 дугаар зүйлийн” гэсний өмнө “3 дугаар зүйлийн 3.1.3, 5.1 дэх хэсгийн “2020 онд мөрдүүлэхээр" гэснийг “2020-2022 онд мөрдүүлэхээр" гэж нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний" гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувь нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

ШИНЭ МЭДЭЭ