Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
2021.01.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг хэлэлцэн баталлаа. 

Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорих, нутагшуулах, түүнийг бүртгэж, хамгаалах, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, хадгалах, ашиглах, үрийн тариалан эрхлэх, тарих үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн худалдаа эрхлэх, үрийн нөөц бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан.

Ингээд тус хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Д.Өнөрболор нар ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ