МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Автомашины гаалийн мэдээлэл, түүхийг е-баримт болон Гэрэгэ киоск ашиглан харах боломжтой боллоо
2020.10.20
Эдийн засаг, Худалдаа

Автомашины гаалийн мэдээлэл, түүхийг е-баримт болон Гэрэгэ киоск ашиглан харах боломжтой боллоо

2020 оны 4 сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн авто машины гаалийн мэдээллийн түүхийг  Е-баримт апп болон Гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл е-баримт апп ашиглан тухайн авто машин үйлдвэрээс гараад  хэдэн жил явсан, ямар гэмтэл авч, ямар засвар хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг хэрэглэгчид гар утаснаас хардаг  болно гэсэн үг. Шалгахдаа Е-баримт апп→Төрийн үйлчилгээ→Гаалийн ерөнхий газар→Гаалийн лавлагаа→Тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах гэдэгт авто машины арлын дугаараа оруулахад энэ бүх мэдээлэл гарч ирнэ. 

Харин  “Гэрэгэ киоск” нь нийслэлийн бүх Нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ, 12 аймагт  нийт 60 байршилд байрладаг тул гар утаснаас мэдээлэл авах боломжгүй иргэд уг үйлчилгээг “Гэрэгэ киоск”-оос авах юм.  

Уг асуудалд Сангийн яамны харъяа  Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд  ийнхүү ажил хэрэг боллоо. 

Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч  иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.   

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69472 байх ба суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Хэвлэлийн хуралд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, ШӨХТГ-ын орон тооны гишүүн Н.Бямбадорж, Гааль татвар, санхүү мэдээллийн төвийн дарга Т.Батбилэг, “Гэрэгэ систем”-ийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат нар оролцлоо. 

ШИНЭ МЭДЭЭ