Өнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой
2020.12.28
Хүний эрх

Өнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан, өнөөдөр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улс 1990 оноос улс төрийн шинэ тогтолцоонд шилжсэн үеэс хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган иргэний асуудлыг судлан шалгаж, тэдний нэр төрийг сэргээн цагаатгах шаардлага төрийн өмнө шинээр тавигдсан юм.

Иймээс БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12-р сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг байгуулсан билээ.

Аль ч цаг үед манай тууштай эх орончдын цөөнгүй хэсэг нь амь амьдралаараа дэнчин тавьж эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ирээдүй хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө хэлмэгдэж байсан гашуун түүх ч байдаг. Улс төрийн тэрхүү хэлмэгдүүлэлтэд тэр үеийн нам, төрийн зүтгэлтнүүд, эх орончид, цэргийн жанжин, сүм хийдийн тэргүүн, лам нар, сүсэгтнүүд, олон мянган жирийн иргэд, ард түмэн өртөж, улмаар хүний эрх ноцтой зөрчигдөн түүгээр ч үл барам хань ижил, үр хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд нь хүртэл үе дамжин давхар хэлмэгдсэн эмгэнэлт үйл явдал нэг бус удаа тохиолдсон байдаг. ХХ зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт байсан юм.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монгол төрийн хууль, шийдвэрийн дагуу 1922-1990 оны хооронд янз бүрийн шалтаг, шалтгаанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчидийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хяналт тавьж, зохион байгуулж ажилласаар ирсэн билээ.

Эдүгээ 30 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, түүний Ажлын алба, аймаг, нийслэл, дүүргийн салбар комиссууд өнгөрсөн хугацаанд шүүх, прокурор, улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн холбоо ТББ, хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, эрдэмтэн судлаачдын оролцоо, гадаад, дотоодын сайн санаат байгууллага, хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар чамгүй их зүйл хийж амжуулсныг талархан тэмдэглэж байна.

ШИНЭ МЭДЭЭ