МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням Дарханы замыг нэхэв
2020.10.29
Зам, Тээвэр

Г.Дамдинням Дарханы замыг нэхэв

Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдөр /2020.10.29/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд хандаж,

“Гүйцэтгэгч компаниуд нь хариуцна гэж ам тагласаар хоёр жил ард түмнийг зовоосон. Маш олон хүн эд материал, амь насаараа хохирч байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас асуухаар санхүүжилт дээрээс хийгдэнэ гэдэг. Та нар арваннэгдүгээр сарын 1 гэхэд зарим багцын ажлууд дуусна гэсэн байхгүй. Дарханы зам ард түмнийг тамлаж байна. Энэ зам хэзээ дуусах юм бэ, хэлж өгөх хүн байна уу” гэж асуужээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 километр замыг шинэчлэн засахаар хуучин замыг нь хуулж хаяад жил гаруй хугацаа өнгөрч байна. Замын шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа ч ирэх 2021 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлсэн.

Харамсалтай нь, энэ чиглэлд зорчиж иргэдийн хувьд  зам үнэндээ там болж хувирсан. Олон хүн эд хөрөнгөөрөө хохирч, Зам тээврийн хөгжлийн яамнаас хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаад байгаа билээ.

Гишүүн Г.Дамдинням Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Тойрог руугаа явах бүрдээ “тамлалт”-ыг мэдэрсэн хүний хувьд Зам тээврийн хөгжлийн дэд сайдад уураа гаргасан нь энэ ч биз. Тэрбээр УИХ-д сонгогдсон шинэ гишүүдээс хамгийн их хэл амтай нэгэн гэхэд буруудахгүй байх. Учир нь, сүүлийн үед байнгын хороо, чуулганы хуралдаан дээр байнга л Засгийн газрын сайд нарын хэл амыг сугалах шахан асуулт асууж, айлгаж загнадаг болчхоод байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ