МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Монгол ажилтан ур чадвартаа тохирсон адил тэгш цалин авч, хүндлэгдэх ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайд нараас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Олон Улсын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар зөвлөмж” гэж бий. 1950 оны Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчлахгүй байх тухай конвенцын зөвлөмжийн заалтуудын дагуу ажил эрхлэлт, мэргэжил дээр адил тэгшээр хангах зарчмыг хүндэтгэх болно гэж заасан. Гэтэл манай улсад яг ижил албан тушаалтай ажлын байранд байгаа Монгол ажилчид болон гадаад ажилчдын цалингийн зөрүү асар их байдаг. Тиймээс бид бодлогоор үүнийг зохицуулах ёстой. Ялангуяа яг энэ хуульд цалингийн тэгшитгэл, түүнтэй холбоотой уялдааг боловсруулах үүргийг холбогдох яам гаргадаг байхаар хуульчилж оруулах саналтай байна. Яагаад гэвэл Монгол хүний хөдөлмөр үнэгүйдэх ёсгүй. Үүний эхлэлийг энэ хууль дээр эхлүүлэх ёстой.

Өмнөх хуулийн 5.2-т байсан ажиллах хүч гадаадад гаргах гэрээнд гадаадад ажиллах иргэний хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудалтай холбогдсон гэрээний нөхцөлийг ажиллах хүч авч байгаа орны хууль тогтоомжид заасан хэм хэмжээнээс дордуулахгүй байхаар тусгасан байна гэсэн энэ заалт шинэ хуульд алга болжээ. Үүний уршигаар Хөдөлмөрийн гэрээ хүлээн авагч улсын хуульд зуучилж байгаа талуудад үүрэг орохгүй байхаар тухайн оронд ажиллаж байгаа ажилтны эрх нь зөрчигдөх нөхцөл үүсэхээр байна.

Тэгэхээр ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах гол баримт бичиг нь Хөдөлмөрийн гэрээ юм. Гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ эрхийг талуудын хооронд байгуулсан гэрээнд үндэслэн хамгаалах ёстой. Тиймээс хамгаалах үндсэн баримт болох өмнөх хуульд байсан заалтыг хэрхэн шинэ хуульд шингээж өгсөн бэ?”

Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариулж, ХНХ-ын дэд сайд Г.Өнөрбаяр нэмж хариулт өглөө.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хариултыг хангалтгүй гэж үзэн, нэмж тодруулж асуулаа.

“Гадагшаа явж байгаа иргэд маань хэдэн төгрөг л олох зорилготой явдаг. Энэ хуулийн “Амин сүнс” нь хаана байна вэ? гэж Ганбаатар гишүүн асуусан. Ажиллах хүч гадаадад гаргах гэрээнд гадаадад ажиллах иргэний хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудалтай холбогдсон гэрээний нөхцөлийг ... гээд ганцхан цалин хөлс яриагүй, ...ажиллах хүч авч байгаа орны хууль тогтоомжид заасан хэм хэмжээнээс дордуулахгүй байхаар тусгасан байна гэсэн энэ гол заалт шинэ хуульд байхгүй болсон байна гэдгийг би хэлээд байна.

Цалингийн асуудлыг зохицуулахгүй юм бол Монголчууд гадагшаа яах гэж яваад байгаа юм. Үүнийг нь хамгаалахгүй юм бол бид энэ хуулийг батлах шаардлага байгаа юм уу? Ганбаатар гишүүн түрүүн хэлсэн, Монголчууд гадаадад очихоороо хортой, хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ тухайн орны иргэдээс 30% доогуур цалин авч байна гэж. Үүнийг л тусгай зөвшөөрөл авч ажил олгоход зуучилж байгаа байгууллагуудад тодорхой ойлгуулж өгөх шаардлагатай.”

Нэмэлт асуултанд ХНХ-ын дэд сайд Г.Өнөрбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ