C.Бямбацогт: Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ
2020.12.21
Эрчим хүч

C.Бямбацогт: Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ

Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 390 гаруй мянга хүн ам оршин суудаг бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч байгаа юм. Баруун аймгийн иргэдийг эрчим хүчээр тасралтгүй хангаж, импортын эрчим хүчнээс хараат бус байлгахад сэргээгдэх эрчим хүчний буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал үүрэгтэй юм. Уг станц баригдсанаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

Харин тус станцын барилга угсралтын ажил 2021 онд эхлэх талаар таатай мэдээллийг С.Бямбацогт гишүүн нүүр номондоо оруулжээ.

Тэрээр,

"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч энэ сард тодорч, ирэх онд барилга угсралтын ажил эхэлнэ. Ингэснээр Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангана. Илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ховд гол, Шижигтийн хавцалд Усан цахилгаан станц барих бүх бэлтгэл хангагдсаныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн.
Санхүүжилт, бэлтгэл ажил бүгд шийдэгдсэн учир энэ сарын 25-нд тендер зарлан, гүйцэтгэгчээ шалгаруулж, ирэх онд барилга угсралтын ажил эхэлнэ. 2024 оноос Хятад болон Оросоос авч байгаа буюу Дөргөний УЦС-ын үнээс 7-гоос 10 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүч авдаг асуудал эцэс болно гэж чухам үүнийг л хэлээд байгаа юм"

гэж бичсэн байна.

С.Бямбацогт гишүүний мэдээллийг уншсан иргэд санал, хүсэлтээ коммент хэсэгт ийнхүү бичиж ирүүлжээ.

Тог цахилгаантай болж байгаа нь сайхан хэрэг!!!. Гэхдээ Байгаль орчин, тэр дундаа биологийн олон янз байдал гэдэг том сэдэв орхисон нь тун харамсалтай!! нэг усан станц барихад тухайн экосистемд хэдэн зүйл амьтан устддаг талаар манай Байгаль Орчны Үнэлгээний газар нарийвчлан хийж чаддаггүй!!! тийм боловсон хүчин ч ховор . Загас, хөхтөн, шувуу гэх хайрцагнаасаа гараад илүү нарийн судалаасай билээ. Олон улсын жишээ нь дээр суурилсан Байгаль Орчин Үнэлгээний Тайлан гаргаасай гэж хүсэж байна.

Иргэдийн хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихдаа судалгаа, шинжилгээгээ сайн хийж гүйцэтгээрэй гэж сануулсан бол энэ станц баригдсанаар нутаг оронд хөгжил, дэвшил ирнэ гэсэн байр суурьтай иргэдийн санал ч цөөнгүй байсан юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар доорх ач холбогдолтой.
  • Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жил тутам 10 орчим хувиар өсөж, зөвхөн тарифын алдагдалд гэхэд улсын төсвөөс жилд 8.2 тэрбум төгрөгийг өгч байгаа. Энэ мөнгө хэмнэгдэнэ.
  • Эрчим хүчний импорт зогсохоос гадна, хүлэмжийн хийг бууруулах, жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бурууруулах тооцоолол гарчээ.
  • УЦС-ын барилгын ажлын үед 800-1,000 хүн түр ажлын байраар, ашиглалтанд орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, уйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ