МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Гадаад харилцаа

Г.Дамдинням: Гадаадын иргэнийг урьж байгаа уригчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асуулаа: 

Хууль дээр уригчийн тухай асуудлыг хариуцлагжуулах тухай баймаар байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж, урьсан ААН, байгууллага гадаадын иргэнийг уригч гэж тодорхойлсон байгаа. Гэтэл Монгол Улсын хилээр орж ирснээс хойш буцан гарах хүртэл хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсын хууль журмын хүрээнд баталгаа гаргах байдлаар тусгаж энэ хуульд оруулж үүрэгжүүлэхгүй бол визний бизнес гарчихаад байгаа юм. Ямар ч хамаагүй хүнийг судалгаагүйгээр урьдаг. Виз зуучилдаг хүмүүстэйгээ хамтарч ажилладаг. Орж ирсэн хүмүүс нь визны ангилалыг зөрчиж, ажил хийж, гэмт хэрэгт орооцолддог асуудлууд гарч байна.

Уригчийн үүргийг нэмэгдүүлснээр, хариуцлага нь нэмэгдэнэ. Оруулж ирж байгаа, урьж байгаа хүмүүс дээрээ хариуцлагатай хандана.

Төслийн 22.1.2-д нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчинд өвчилсөн шинж тэмдэг илэрсэн этгээд байвал Монгол Улсын хилээр орохыг хориглох, өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн  хамтарсан саналаар батална гэжээ. Өвчтөнийг өвчний жагсаалтаар батлах байдлаар оруулж ирж байгаа нь буруу байгаа юм. Өвчилсөн гэдгийг нь хэрхэн тогтоох вэ? Шинж тэмдэг илэрсэн бол оруулахгүй байх уу гэдгийг журамлах ёстой. 

Гадаадын иргэнд олгох визний хугацааг 90 хоног байсныг 120 хоног болгон нэмэгдүүлэх төсөл оруулж ирж байгаа юм байна. Нэгэнт визний хугацааг 120 хоног болгон өөрчилж байгаа бол хуульд байгаа бүх 90 хоногуудыг 120 хоног болгоод өөрчилвөл ямар вэ? 

Түүний асуултанд Гадаад харилцааны яамны ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ