МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрхийн ХАМГААЛАГЧ гэж хэн бэ гэдгийг тодорхойлно
2020.12.18
Хүний эрх

Хүний эрхийн ХАМГААЛАГЧ гэж хэн бэ гэдгийг тодорхойлно

УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг дэмжлээ. Гишүүд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжсэн ч боловсруулалтыг дахин сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. 

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилсан.

ТӨСЛИЙГ ЯАГААД БОЛОВСРУУЛСАН ВЭ?

Монгол улс энэ хуулийг батлах шаардлага байгааг НҮБ-ээс зөвлөсөн байна. Тиймээс төслийг боловсруулахдаа, Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан ХЭҮК-ийн судалгаа, хэлэлцүүлэг болон дэлхийн 40 гаруй улсын хууль тогтоомж, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал зөвлөмж дээр тулгуурлан боловсруулжээ. 


ХУУЛИЙН ГОЛ ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Уг хууль товчхондоо Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хууль юм.

Хуульд Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ? гэдгийг тодорхойлж, Тэдний эрхийг хамгаалах Хүний эрхийг хамгаалагчийн хороог байгуулах юм. 

Төсөлд хүний эрхийг хамгаалагч гэж хэн байхыг тодорхойлохдоо “хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанар, олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хамгаалахад оролцож байгаа хүний хэлнэ" гэжээ. 



УИХ-ын хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс дараах асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ? Амьдрал дээр хүнийг энэ хүн хүний эрх хамгаалагч мөн юм байна биш юм байна гэдгийг хэрхэн яаж ялгах вэ? Шүгэл үлээгчийн эрхийг энэ хуулиар хамгаалах уу? хүний эрх хамгаалах нэрээр хүний эрхийг зөрчиж  улс төр, эдийн засгийн ашиг хонжоо хайгчдыг хүний эрхийн хамгаалагч гэдгээс хэрхэн ялгах вэ? гэх зэрэг асуудлуудыг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хөндсөн юм. 

Тэдний асуултад хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

Шүгэл үлээгч ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ МӨН ҮҮ?
Хуулийн төсөлд ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ гэдэг нь хүний эрхийн чиглэлээр долоогоос доошгүй жил ажилласан, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хүний эрхийн төлөө мэргэшил, мэдлэг бүх зүйлээ зориулж байгаа хүмүүсийг хэлэх юм. 

Өөрөөр хэлбэл, хүний эрх нэрээр бусдыг гүтгэдэг, төлбөртэй, захиалгатай үйл ажиллагаа зохион байгуулдаг шударга дүртэй хүн, байгууллагын энд хамгаалах тухай биш юм. Харин ч мэргэжлийн Хүнийг эрхийг хамгаалагчийг ялгаж хамгаалах юм. 

Хүний эрхийн хамгаалагчийн бусад "дүр эсгэгчдээс" хэрхэн ялгах вэ? 

Дараах 4 зарчмыг барьж, тухайн хүн, бүлгийг хүний эрхийн хамгаалагч байна гэж үзэх юм. 

  • Тухайн асуудал нь хүний эрхийн асуудал байх ёстой
  •  Тухайн асуудал нь Нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх
  • Үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй, бусдыг уриалан турхирах, хүч хэрэглэх хэв шинжийг агуулаагүй байх
  • Тууштай байх. Үүнийг тодруулбал, өнөөдөр зорилго нь биелмэгц тухайн асуудлыг ярихаа больдог хандлага их байгаа юм. Ийм нөхцөлд хүний эрхийн хамгаалагч байна гэж үзэхгүй юм. 

Хүнийг эрхийг хамгаалагч нь өөрөө хүний эрхийн хүрээнд л үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр хүний эрхийг өөрөө зөрччихөөд өөртөө хуулийн хамгаалалт доор орох гэдэг ойлголт энэ хуулиар байх боломжгүй болгож байгаагаараа энэ хуулийн нэг ач холбогдол оршиж байгаа юм. Олон улсын жишигт энэ байдаг туршлага бөгөөд дэлхийн 40 гаруй улсад энэ хуулийг батлан, мөрдөж байна. 

Хүний эрхийг хамгаалагчийн хороо ямар чиг үүрэгтэй байх вэ?

ХЭҮК-ийн дэргэд хүний эрхийг хамгаалагчийн хороо байгуулагдана. Хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй, даргаар нь ХЭҮК-ийн гишүүн байна. Цалингүйгээр сайн дураар Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, мөн 4 гишүүнийг сонгон шалгаруулалтаар сонгогдох юм. Хорооны гишүүд сайн дурын үндсэн дээр,  цалингүй ажиллах юм.

Хүний эрхийн хамгаалагчийн хороо нь дэмжигч чиг үүрэгтэй байна. Үндсэн 2 үүрэг бий. 

  1. Хүний эрхийг хамгаалж буй хамгаалагчийн эрх зөрчигдвөл энэ асуудал дээр эрсдэлийн үнэлгээ хийж, хамгаалах асуудлыг  хэрэгжүүлнэ

  2. Эрх мэдлийн цөөнх буюу ялгаварлан гадуурхалд өртсөн  эсвэл эрхээ бүрэн утгаараа хэрэгжүүлж чадахгүй байгаа, зөрчүүлж байгаа хүмүүсийн эрхийн талаар дүгнэлт гаргах үүрэгтэй. 

ХЭҮК-ын үйл ажиллагаатай давхцах уу?

ХЭҮК нь ирсэн гомдлын дагуу арга хэмжээ авахдаа тогтоосон байх ёстой байдаг. Харин Хүний эрхийн хамгаалагчийн хороо нь тодорхой баримтаа гаргаад, тогтоогоод, түүний төлөө тэмцсэнийхээ төлөө  аюулгүй байдал бусад нөхцөл байдал нь эрсдэлд орчихсон хүмүүсийг хамгаалах юм. Үүгээрээ энэ хоёр байгууллага бие биенээ дэмжигч байх юм. 

ХҮЭК дангаараа үүнийг хийх боломжтой. ХЭҮК-ын мэдэхгүй, хүрч ажиллаж чадахгүй олон асуудал байгаа. Үүнийг нөхөж ажиллахад Хүний эрхийг хамгаалагчийн хороо ажиллана. 

ШИНЭ МЭДЭЭ