МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Татвар төлөгчийг татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа
2020.12.17
Эдийн засаг, Худалдаа

Татвар төлөгчийг татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүсэж, улмаар их хэмжээний албан татварын өр төлбөр, алданги, торгууль хуримтлагдах эрсдэл тулгарсан. Иймээс татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан, төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн хугацаандаа төлөөгүй албан татварт алданги, торгууль тооцохгүй болж, татварын өр хуримтлагдахаас сэргийлэх, татварын ачааллыг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх ач холбогдолтой.

ШИНЭ МЭДЭЭ