Санхүү, эдийн засгаа сэргээн, дэмжих эрх зүйн боломжийг судлан, боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
2020.12.16
Эдийн засаг, Худалдаа

Санхүү, эдийн засгаа сэргээн, дэмжих эрх зүйн боломжийг судлан, боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахлан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Д.Ганбат, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Эхлээд коронавирусийн цар тахал, түүнтэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, үүссэн нөхцөл байдлын талаарх Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны танилцуулга мэдээлэл болон дэд ажлын хэсгийн саналыг сонслоо. Гишүүд танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар зах зээл дэх мөнгийг нэмэгдүүлэх тухай, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цар тахлын үеийн, түүний дараах үеийн гэсэн 2 том бодлого боловсруулж шат дараалан хэрэгжүүлэх талаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зээлийн батлан даалтын сангаар дамжуулан аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг санал хэлж, хуралдаанд оролцсон хүмүүсийн асуултад Ажлын дэд хэсгийнхэн хариулт өглөө.

Ажлын хэсэг ирэх долоо хоногт дахин хуралдана

ШИНЭ МЭДЭЭ