Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцлээ
2020.12.11
Улстөр

Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж ХЗБХ-нд анхны хэлэлуүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. 

 Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад тус тус Монгол Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл гэж, мөн зүйлийн 7.2-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулсан байна. 

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэснийг дурдахын зэрэгцээ өмнө нь Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлжээ. 

Тухайлбал: Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь, 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь, 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь , 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь, 2020он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль зааснаас 96 нь  тус тус батлагдсан байна. 

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 35, 2021 онд 81, 2022 онд 21, 2023 онд 12, Монгол Улсын Их Хурлын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заажээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Ингээд гишүүдийн олонхи дэмжиж тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ХЗБХ-нд шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ