Н.Энхболд: Хугацаанд нь батлах ёстой тул Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ ондоо багтааж хэлэлцэх хэрэгтэй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг бид нар энэ ондоо багтааж батлах ёстой юм. Яагаад гэвэл хойтонгийн зургаан сард багтааж энэ сонгууль явсан байх ёстой. Сонгуулийн хууль өөрөө зургаан сар болохоос өмнө батлагдсан байх ёстой. Үүнийг олон удаа хойшлуулаад баймааргүй байна. Бэлтгэл хангахаас эхлээд ер нь бол эртхэн хуулиа батласан байх шаардлага байгаа. Би ажлын хэсэг ахлаад ажиллаж байгаа.
АН-аас А.Адъяасүрэн гишүүн ажлын хэсэгт маш идэхтэй ажиллаж байгаа. Бид гурван удаа холбогдох бүх байгууллагуудын төлөөллийг оруулаад ажлын, дэд хэсгийн хурлуудаа хийсэн. Одоо нэг их яриад байх асуудал гайгүй болов уу гэж бодож байгаа. Энэ хууль бол порцедуурын хууль. Янз бүрийн улс төрийн бүлгүүдээр яриад байх асуудал байхгүй. Сонгууль зохион байгууллагууд, ажлын хэсэг хамтраад яаж зөв зохион байгуулах вэ гэдэг тал дээр нь энэ хуулиа гаргах ёстой.
А.Адъяасүрэн гишүүн их олон санал оруулж ирсэн. Үндсэндээ бүгдийг нь авсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас маш олон санал оруулж ирснээс ихэнхийг нь авсан. Шууд ороогүй зүйлүүдийг нь найруулаад, утга агууллагыг нь шингээгээд, хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлээд бүгдийг нь тусгасан байгаа. А.Адъяасүрэн гишүүн энэ бол зөвхөн миний санал биш манай бүлгийн санал энэ дотор үүн дотор явж байгаа гэж хэлсэн. Хоёр удаа авч хэлэлцсэн 80 хувь нь орсон байгаа. АН-ын бүлгийнхэнд хандаж хэлэхэд үүнийг хойшлуулах шаардлага байна уу? Сүүлдээ энэ нь нийгэмд яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд нь батлах тал дээр анхаарал тавихгүй хойшлуулаад байгаа юм бэ гэдэг асуулт гарч магадгүй юм. Энэ өөрөө бас эмзэг асуудал.
Бүгдээрээ хэлэлцээд явъя. Энэ бол анхны хэлэлцүүлэг. Явц дунд нь дахиад хоёрдугаар хэлэлцүүлэгийг хийх хугацаа байна. Тэр хооронд АН-ын бүлэг хуралдаад асуудлууд байгаа өнөөдрийн ажлын хэсгээс оруулж байгаа саналуудаа сайн хийж үү үгүй юу гэдгийг нь сайн үзээд, өөр нэмж өөрчлөх зүйлүүд байвал та нарын ажилд амар биш үү? Ингэсээр байтал он гарна. Би бол хэлэлцүүлгээ хийчихвэл яасан юм бэ гэж хэлэх гээд байна.