МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Lawforum сайтаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх боломжтой
2020.12.09
Улстөр

Lawforum сайтаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх боломжтой

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, төсөлд тусгах зорилготой цахим хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооноос  зохион байгуулав.

Хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт нь:
  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог зохистой болгон, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлэх эрх зүйн үндсийг сайжруулсан.
  2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын орлогоо өөрөө бүрдүүлэх, төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг тодорхой болгож, өргөжүүлснээр орон нутгийн бие даан хөгжих боломжийг дэс дараатай бүрдүүлэхийг зорьсон.
  3. Хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх болсноор удирдлагын бүтцийн давхардлыг арилгаж, хөдөө хөгжих, хот тосгон төлөвшин хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна хэмээгээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргахдаа орон нутаг нь өмчийг эзэмших, захиран зарцуулах, орлого олох, татвар ногдуулах, эдийн засгийн хувьд чадавхитай, өөрөөр хэлбэл нутгийн олон түмний эрх ашгийг хамгаалах, асуудлыг шийдэх эрх хэмжээтэй байх нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга гэж ойлгох нь зүйтэй талаар тэмдэглэв. Мөн 1923 онд баталж байсан Нутгийн захиргааны дүрмээс эш татан, уг дүрэмд өнөөдөр ч санаа авууштай заалт байгаа талаар тэмдэглэсэн юм.

Тэрбээр мөн сонирхсон хүн бүр парламентын шинэчлэлийн загвар болох Lawmaker хуулийн төсөл боловсруулах цахим системээр төслийн зүйл, заалт бүрд санал өгөх, Iawforum сайтаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх боломжтойг тэмдэглэлээ.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэлж, хэлсэн үгэндээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаас өмнө хуулийг гардаж хэрэгжүүлдэг аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын саналыг сонсож байгааг тэмдэглэв.  

ШИНЭ МЭДЭЭ