МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Улс төрийн хийрхэлээ соёлын салбараас хол байлгаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэнд иргэдийг орлоготой болгож цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд Соёлын төв, Музейн барилгуудын санхүүжилтийг түр хугацаанд зогсоох гэсэн санал орж иржээ. Би үүнийг маш их эсэргүүцэж байна.

Соёл, түүх, өв уламжлал, ёс заншил бол тухайн улс орны тусгаар тогтнол, дархлаа нь байдаг. Монголчууд бидний ардчилал, зах зээлийн нийгэмд шилжснээс хойш гаргасан хамгийн том алдаа бол өнгөрснөө үгүйсгэж ялангуяа соёлын салбарыг шоовдорлож, соёлын салбарт байсан бүтээн байгуулалтуудыг устгасан алдаа юм. 

Бид Хүүхэд залуучуудын театртай байсан. Энэ байхгүй болж, байранд нь банк ажиллаж байна. Ард кино театр байсан. Худалдааны мухлаг болсон. Цирк байхгүй болсон. Өнөөдөр Монгол Улс шиг тайзан дээр манежгүй циркээ тоглож байгаа ийм улс орон байхгүй. 

Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш ямар бүтээн байгуулалтуудыг хийсэн бэ? Ю.Цэдэнбал гуайгаас хойш 50-60 жилийн дараа анх удаа соёлын салбарт хөрөнгө оруулалт тавиад, энэ салбарыг өөд нь татах бодлого яваад ирэхээр  үүнийг улстөржүүлэх асуудал гаргаж ирж байгаад би харамсаж байна. 

Соёлын салбараа өөрсдөө орхисон хэр нь өнөөгийн залуусыг Монгол хүн байсангүй, гадны соёлд нэвтэрч байна гэж шүүмжилдэг. Бүхэл бүтэн 26 жилийн дараа нэгдсэн бодлогтой, бие даасан яамтай болгоод үлгэн салган, амь дүйн явж байгаа уран бүтээлчдийн урлагт хайртай зүрх сэтгэл дээр Монгол Улсын урлаг, соёлын салбар явж байгаа шүү.

Хүнд цаг үе ирсэнд бүгд санаа зовж байна. Гэхдээ ээж, аав, эмээ, өвөө маань эх орны дайны үед бүхнийг фронтод зориулж явж байхдаа Монгол Улсын Их Сургуулийг байгуулсан. 1924 онд Монгол Улс Үндэсний музейгээ байгуулсан.

Өнөөдөр УИХ-ын гишүүд нь соёлын салбараа ад үзээд ингэж яриад суух юм уу? тэгвэл яаж ард иргэдээ соён гэгээрүүлэх гээд байгаа юм бэ? 

Музейн барилгыг яагаад ингэж үл тоож ярьж байгаа юм бэ? Өнөөдөр бидний соёл, түүхийг баталгаажуулдаг салбар бол соёлын салбар тэр дундаа музей байдаг. Бид музейн барилгаа барихаас гадна хээр хэвтэж байгаа Хиргисүүр хүртэл бидний түүхийг ярьж байдаг.

Тиймээс улстөржилт гэдэг зүйлээ соёлын салбар, спортын салбар, Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол хүний хөгжлийн суурь болсон эдгээр салбаруудаас, мөн онцгойлон хэлэхэд бид ухаалаг ажиллуулж чадвал эдийн засгийн асар их үр өгөөж өгөх энэ соёлын салбараас хол байлгаач ээ. Харин дэмжээч ээ. 2021 оны улсын төсөвт суусан жаахан мөнгө, хэдэн бүтээн байгуулалтыг битгий хөндөөч ээ гэж хүсэж байна."

ШИНЭ МЭДЭЭ