МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээнэ
2020.12.02
Орон нутгийн хөгжил

Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээнэ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим дээр суурилсан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай орон нутагт хослуулах үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тогтоно гэсэн энэхүү суурь зарчмыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Энэхүү хуулиар дараах 3 чухал асуудлыг шийдвэрлэнэ.

Нутаг дэвсгэр, засаг захиргааны тогтолцоог өөрчлөх боломж

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчмыг тусгасан. Одоо Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, аймгууд нь 330 сум, 1613 багтай. Нийслэл хот нь 9 дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Энэхүү нэгжийг өөрчлөх асуудлыг иргэдээс санал авсны үндсэн дээр өөрчлөх эрх нь Засгийн газарт олгогдож байгаагаараа уг хууль онцлог болсон. Харин иргэдээс санал авах ажлыг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

Орон нутагт улстөржилтийг хязгаарлах

Хуулийн төсөлд сум, дүүргийн ИТХурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ. Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч жирийн ард иргэдийн дунд талцал, хуваагдлыг бий болгосоор байна. Мөн хамгийн олон хамаатантай хүн багийн дарга болчихдог, ямар ч мэргэжил боловсролгүй хүн сонгогдоод ажиллаж байгаа нь боловсон хүчний хувьд маш их сул талыг бүрдүүлдэг. Энэ байдлыг залруулах заалтууд хуулийн төсөлд орсон.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарах 

Орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлэхгүйгээр засаг захиргааны шинэчлэл хийгдэх боломжгүй. Төсөв, санхүү, өмч, татвар гэсэн эдийн засгийн багц асуудлыг орон нутагт шилжүүлснээр тэдний бие дааж шийдвэр гаргах бололцоо нь нээгдэж, төсөв хөрөнгөө захиран зарцуулснаар орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. 

Мөн чиг үүргийг орон нутагт шилжүүлэх. Чиг үүргийн давхардлыг арилгаж илүү оновчтой зохион байгуулах. Боловсон хүчний эрх мэдлийг давхар өгөх. Ингэхдээ Монгол Улс бол нэгдмэл улс бөгөөд засаг дарга бол төр засгийн төлөөлөгч гэдэг утгаараа томилох субьект нь Ерөнхий сайд, нэр дэвшүүлэх субьект нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхаар зааж тусгасан байна. 


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүд дараах асуултыг асууж, холбогдох саналуудыг хэлж байлаа.

Н.ЭНХБОЛД: 

ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭРХ НЬ БАЙГАА БОЛ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН САНААГ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ

Ж.ГАНБААТАР:

АЙМГААС ХЭД ДАХИН ОЛОН ХҮН АМТАЙ ДҮҮРГИЙГ ТУСАД НЬ АНХААРЧ ҮЗЭХ ЁСТОЙ

Х.НЯМБААТАР:

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ӨМЧИЙН ЗААГИЙГ МАШ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

С.АМАРСАЙХАН: 

ГАЗРЫН АСУУДЛЫГ ХЭН ХАРИУЦАХААР БОЛЖ БАЙГАА ВЭ?

Г.ЗАНДАНШАТАР: 

ХУУЛИУДАД ЧИГ ҮҮРГИЙН ДАВХАРДАЛ ИХ ГАРДАГ АСУУДЛЫГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Д.ТОГТОХСҮРЭН: 

ДҮҮРГҮҮДИЙН КОНЦЕССИЙГ НИЙСЛЭЛД ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын нэгсэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн асуултад тэрээр болон ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

ШИНЭ МЭДЭЭ