МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа
2020.12.01
Улстөр

“Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

“Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Э.Түвшинжаргал танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Улсын Их Хурлын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана гэж заасныг үндэслэн боловсруулсан Эрх зүйн дүгнэлт гаргах журмын төслийг Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Дээрх хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн тусгажээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналын  дагуу нэр томьёоны хувьд “эрх зүйн дүгнэлт” гэснийг “хууль зүйн дүгнэлт” болгон өөрчилсөн.

Улсын Их Хурын гишүүн Б.Энхбаярын гаргасан саналын дагуу шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргахад мэргэшсэн шинжээч, судлаачдыг татан оролцуулах зарчмыг нэмж тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын саналын дагуу тухайн зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, шинжилгээ хийх асуудлыг мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаач, шинжээчээр гүйцэтгүүлэх, дүгнэлтийг шат шатанд нь албан тушаалтан хянахаар заасныг хасаж, Хууль эрх зүйн газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулахаар өөрчилсөн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн саналын дагуу дүгнэлтийг хэлэлцэх эсэх, анхны, эцсийн хэлэлцүүлэгт гаргахаар тусгасныг хассан байна.

Мөн хууль зүйн дүгнэлт гаргах цогц үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлжээ. Энэ хүрээнд,
  1. Хууль тогтоомжийн төслийн зөрчлийг тодорхойлох – нэг этгээдийн зан үйлийг ижил нөхцөлд хуульд зааснаас өөрөөр журамласан, Үндсэн хууль болон хууль тогтоомжийн эрэмбэлэлтийн аргын дагуу хамгийн дээд хүчин чадалтай, суурь харилцааг зохицуулж байгаа хуульд зааснаар өөр зохицуулалтыг тусгасан, өөр нэр томьёо хэрэглэсэн, зохицуулалтын агуулга нь үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
  2. Хууль тогтоомжийн төслийн давхардлыг тодорхойлох – хуулиар нэгэнт зохицуулсан харилцааг хэл зүйн хувьд хуулбарласан, эсхүл тэдгээрийн зохицуулалтын зорилго, агуулгатай ижил байдлаар томьёолсон эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
  3. Хууль тогтоомжийн төслийн хийдлийг тодорхойлох – тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг журамласан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, процедурыг заагаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан, эсхүл зохицуулалт нь хэл зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авлаа. 

Ингээд санал хураалт явуулахад “Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ