“Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ
2020.11.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулсны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн /2020.11.07/ эхэллээ.


Тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хэлэхдээ, "УИХ оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулж байсан" хэмээгээд тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав  нар эхний нүүдлийг нүүж тэмцээнийг эхлүүллээ. 

“Парламент-30” тэмцээнд нийт 40 шатарчин оролцож байна. Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 оролцож байгаа бөгөөд Монголын Шатрын Холбооны шатарчдын рейтингийн жагсаалтад албан ёсоор бүртгэлтэй, чансаа бүхий 10 гаруй шатарчин өрсөлдөж байна.

Байнгын ажиллагаатай парламентын ойд зориулсан энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа болж байгаа бөгөөд 2015 онд 25 жилийн ойгоор анх удаа болж байв. “Парламент 2015” тэмцээнд Улсын Бага Хурлын гишүүн, спортын мастер Д.Ламжав түрүүлж, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. 

Ташрамд дурдахад, 2017, 2018 онд УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” тэмцээнийг 2 удаа зохиоход тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг, Л.Энхболд, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар медаль хүртэж байжээ. Мөн  шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд  “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв.

ШИНЭ МЭДЭЭ