МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүх төрлийн будаа, ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлнө
2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Бүх төрлийн будаа, ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.

COVID-19 цар тахлын байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус 2021 оны тавдугаар сарын 1 хүртэл чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Г.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалаа. Хуралдаанд оролцсон 65 гишүүний 38 нь буюу 58.5 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ