МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ч.Ундрам: Самар түүж яваад Сэлэнгэд хоригдсон иргэдийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Сэлэнгэ аймагт асуудал нилээн хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Хүнсний хувьд тодорхой асуудал шийдсэн. Махны нөөц дутмаг байсныг шийдэж өгсөн. Түлш, дулааны асуудал хүнд байна. Айл өрхийн нүүрс түлшийн асуудлыг бусад гишүүдтэй хамтран холбогдох сайд нартай уулзаад асуудлаа тавьсан. Нэмэхэд Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ маш их хэмжээний өртэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Энэ дулааны станц Алтанбулаг, Сүхбаатар сум, хойд хил дээр байгаа ААН үүдийг, айл өрхийг дулаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар 1,6 тэрбум өртэй. Зээлээр нүүрс авчихсан. Нэмж зээлээр нийлүүлэхгүй гэсэн хариу авсан байна. Энэ асуудлыг судалж үзсэн үү? Ямар арга хэмжээ авахаар болсон бэ?

Жижиг, бичил хэмжээний бизнес эрхлэгчид хүнд байна. Огт ажилгүй болсон. Ийм дунджаас доогуур орлогын амьдралтай хүмүүс орхигдоод байна. Тэдгээрт чиглэсэн ажил төлөвлөсөн үү?

Сэлэнгэ аймагт самар түүж явсан 10.000 орчим хүн байна. Тэнд гацсан хүмүүсийг АОК ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ асуудал орхигдсон байгааг анхаараарай.

Шинж тэмдэг илрээд гэртээ эмч хүлээж байгаа хүмүүст яаралтай авах арга хэмжээ маш ойлгомжтой тайлбарлаад зөвлөмж хүргүүлсэн зүйл бий юу?"

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ