МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Ганбаатар: ЭЗБХ дээр зовлон яриад ЗГ-ын хуралдаан дээр амлалт авсан биш үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

Монголбанк, Эдийн засгийн хороо өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлийн зургаад Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах. Банк, банк бус байгууллагын нэмэгдсэн хүү, торгуулийн алданги тооцохгүй байх арга хэмжээ авна гэжээ. Үүнийг хийж чадах уу? Эдийн засгийн байнгын хороон дээр баахан зовлон, жаргал ярьдаг. Засгийн газрын хуралдаан дээр ороод баахан амлалт авсан биш үү? Энэ хоёрын хоорондын зөрөө гараад ард иргэд янз бүрээр шаардах вий?

Хүнсний хангамжийн буюу гол нэрийн барааны бүтээгдэхүүний нөөцийн талаарх мэдээллийг хэлж өгнө үү?

Эдийн засгийн байнгын хорооны даргад хаяглагдан 30 санал ирсэн байна. Өчигдөрийн Засгийн газрын мэдэгдэл дээр аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах гэдэг дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

22-06 цагийн хооронд барааны хүргэлт хийнэ гэдэг тал дээр томоохон дэлгүүрүүд хийж чадна. Жижиг дэлгүүрүүд мөрдөж чадахгүй. Тэдэнд дахиад шөнө ажиллах нөөц хэрэгтэй болно. Хүнсний дэлгүүрүүд гайгүй ажиллаж байгаа. Үүн дээр цоорхой үүсч ард иргэд сандралд орох вий гэдэг дээр анхаарна уу?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Хүнсний аюулгүй байдал дээр бүх нөөцөө бүрдүүлсэн байгаа. Онцгой байдлын үед авах ёстой хуулиар заасан төлөвлөгөөний байх хоногийн нөөц хангалттай байна. Мал махны нөөц улсын хэмжээнд 11.690 тонн байна. Энэ нь 40 хоногийн нөөц, гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног, төрөл бүрийн будаа 57, хуурай сүү 30 хоног, өндөг хадаглалтын хугацаанаас хамаараад 2 хоног, ургамлын тос 22 хоног,  төмс 316 хоног, хүнсний ногоо 62 хоног, элчин чихэр 60 хоног, давс 33 хоногийн нөөцтэй байна. Эндээс харахад бид хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг бүрдүүлсэн гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ