МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан гишүүн Завхан аймгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудад хүнсний тусламж үзүүллээ
2020.11.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан гишүүн Завхан аймгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудад хүнсний тусламж үзүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн дотуур байранд амьдарч буй оюутнууд хөл хорионы хугацаанд хоол хүнсний хангамж дутмаг байгаа талаар олон нийтийн цахим сүлжээгээр их яригдсан. 

Энэ хүрээнд БШУЯ-аас дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох дотуур байрнаас гаргахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, дотуур байрны орчны дэлгүүрээс авах зохион байгуулалт хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх, хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргахаар ажиллаж байна. 

Завхан аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Баярсайхан тус аймгаас Улаанбаатар хотод ирж суралцан, дотуур байранд амьдарч байгаа оюутнуудад хүнсний тусламж үзүүлсэн байна.

Тэрээр энэ тухай,

"Завхан аймгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудтай холбогдож дотуур байранд амьдарч байгаа, хүнсний тусламж нэн шаардлагатай байгаа оюутнууддаа өөрийн зүгээс хоол хүнс ахуйн барааны дэмжлэг туслалцаа үзүүллээ. Залуучууддаа энэ цагт хариуцлагатай, эрүүл энх байж, хичээл сурлагадаа амжилт гаргахыг хүсье!" гэсэн байна.

Дэмжлэг авсан оюутнууд болон тэдгээрийн гэр бүлийнхэн Б.Баярсайхан гишүүнд талархаж буйгаа илэрхийлсээр байгаа бөгөөд Завхан нутгийн цахим хуудаст энэ тухайгаа бичиж, олон хүн талархлын сэтгэгдлээ бичсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ