МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

10 жил “ӨГСӨН” Үндэсний өгөх өдөр үргэлжилсээр...
2020.11.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

10 жил “ӨГСӨН” Үндэсний өгөх өдөр үргэлжилсээр...

Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэсээр энэ онд 10 дахь жилтэйгээ золгож байна. Анх 2010 онд хүнд өвчтэй, онош нь тогтоогдохгүй байсан 1 ой гаруй настай Удвал хэмээх охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад “Том болоорой Удвал аа” төслийг хэрэгжүүлж, охины эмчилгээнд хэрэгтэй байсан 25 сая төгрөгийг 10 хоногийн дотор цуглуулж өгсөн бөгөөд түүнээс хойш жаахан хичээхэд хүний амь ч аврах боломжтой юм байна хэмээн урамшиж, үндэсний өгөх өдөртэй болохоор шийдсэн байна.

Удвал охин БНСУ-д бүрэн эмчлүүлээд, эрүүл болж, өсөн торниж, өнөөдөр бусад хүүхдүүдийн адил сурч боловсорч, гэр бүлийнхээ хамт элэг бүтэн амьдарч байна.

Удвал охин "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-ын хамт олны хамт

Түүнээс хойш жил бүр хэн нэгэн, хэсэг бүлэг, нийт ард иргэдийнхээ төлөө, сайн сайхан, урам зориг, эв нэгдэл, энэрэл хайрыг түгээсэн Үндэсний өгөх өдрийг тасралтгүй нийгмийн сайн сайхан, итгэл найдварыг бий болгох 36 томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлжээ. 

Эдгээр төслийн хүрээнд Монгол Улсын болон дэлхийн 35 улсад амьдарч буй 300,000 гаруй монгол иргэдийг оролцуулан, хувь хүн, хүмүүнлэгийн байгууллагуудад нийтдээ хагас тэрбум төгрөг босгох аян амжилттай өрнүүлж, 5 хүнд амьдралд бэлэглэж, эрүүл саруул болоход нь тусалсан байна. 

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр. “Үндэсний өгөх өдөр”-ийн 10 жилийн ой буюу “Талархлын жил” тохиож байна. Үндэсний өгөх өдрийг санаачлагчид “Талархалын жил” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өгөх өдрийн эхлэл болсон Удвал охин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсан, Үндэсний өгөх өдрийн санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Гэр бүлийн радио FM104,5 Гүйцэтгэх захирал О.Болдсайхан, UP music продакшнын продюсер Н.Халиун, шог зураач С.Цогтбаяр, дуучин, хөтлөгч Номин, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, Жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг зэрэг олны танил, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээ зориулдаг эрхэм хүмүүс оролцлоо. 

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж “Үндэсний өгөх өдрийн санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлсэн үгэндээ,

Б.Баярсайхан "Үндэсний өгөх өдөр" санаачлагч, УИХ-ын гишүүн

“Өнөөдрөөс 10 жилийн өмнөх энэ өдөр олон найзуудтайгаа сэтгэл зүрх нэгдээд нэгэн бяцхан охинд амьдрал бэлэглэж чадсан. Тэр үед олон монголчууд бидэнтэй нэгдэж бусдад харамгүй өгч байгааг хараад Монголчууд бие биендээ өгдөг жилдээ нэг ч гэсэн өдөртэй болоё гэж шийдэж байсан маань өнөөдөр өдий зэрэгт хүрсэн байгааг хараад баяртай байна. Асар их сөрөг мэдээлэл, хандлага нэмэгдсэн өнөөгийн нийгмийг эерэг болгоё, хүүхэд залуучуудаа ач тус, хайрыг мэддэг, талархдаг, тусалсан нэгэндээ сайн сайхныг түгээдэг байхын тулд өгөх өдрийг зарлаж байсан. 10 жилийн хугацаанд энэ зорилгынхоо хүрээнд төслүүдээ хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээрээ биднийг туслан дэмжиж, гар бие оролцож байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хүмүүнлэгийн ажил хийлээ гээд ямар нэг гавьяа шагнал байхгүй ч гэр бүл, найз нөхөд, хамт олон байгууллагууд жил бүрийн өгөх өдрөөр бусдад өгдөг болж өргөжин тэлсээр байна. Монгол Улс маань ч бусдаас авдаг бус өгдөг улс үндэстэн болно гэж итгэж байна. Бусдад өгдөг хүн өгснөөсөө илүү ихийг өөртөө болон үр хүүхдүүддээ авч байдаг юм шүү” 

гэдгийг онцлон хэллээ.

Уригдан ирсэн эрхэм зочид хүндэтгэлийн тайзнаа өөрсдийн бусдаас авсан дурсамжаа хуваалцсан юм. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Чинагийн Галсан хэлэхдээ,

Ч.Галсан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн

“Хүн авахаасаа илүү бусдад байгаагаа өгч, түгээх нь эргээд эзэндээ буян болж, сэтгэлийн их баяр цэнгэлийг өгдөг юм билээ.” 

хэмээн онцолсон бол Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан,

“2017 онд өгөх өдрөөр хэрэгжүүлсэн “Нүдээ нээ” төслийн үр дүнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлд томоохон ажлууд хийгдсэн бөгөөд нэг жишээ нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд шүүх эмнэлэгт очоод төлдөг байсан 10,000 төгрөгийн хураамжийг авдаг байсан тушаалыг хүчингүй болгуулж, дахин Монгол Улсад бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол шүүх эмнэлэгт хураамж төлөхгүй байх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж чадсан. Түүнчлэн 2018 онд “Юу байна түүгээрээ” төслийн хүрээнд 1 хоногт 340 сая төгрөгийг бүрдүүлж Ид шидийн орон-2 төвийнхөө барилгыг дуусгаж, ашигалтад оруулж чадсан юм”

Ч.Ганжавхлан    Лантуун дохио ТББ-ын тэргүүн 

гэлээ.

Энэ мэт хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн зочдын өгөх өдөр хөдөлгөөн ТББ, болон Үндэсний өгөх өдрийг санаачлагчдад талархах үгс тасралтгүй үргэлжилж байлаа. Түүнчлэн “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-аас шилдэг төслүүдийг шалгаруулан, шагнан урамшуулсан бөгөөд МУСГЗ Чинагийн Галсангийн сангийн сайн үйлсийн үр шим 937,000 мод, суулгацыг хандивлан ургуулсан төсөл, “Лантуун дохио” ТББ-ын Ид шидийн орон төслүүд байлаа. Эдгээр төслийг санаачлан хэрэгжүүлэгчдэд хөлөөрөө уран зураг зурдаг С.Номууна охины бүтээлийг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн “Ээлтэй ертөнц” ТББ-ын урласан чихмэл тоглоом зэргийг бэлэглэлээ.

“Талархалын жил” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Өгөх өдөр сан”-г байгууллаа. Энэхүү сан нь бусдын болон нийгмийнхээ сайн сайхны төлөө жилдээ нэг өдөр ч биш тасралтгүй үйл ажиллагааг явуулж, бусдад өгөхийн төлөө зарцуулагдах юм байна. Уг сангийн анхны хандивлагч нь 11 настай Б.Мөнх-Амин охин болсон юм. 

"Эгч дүүс" номын орчуулагч Б.Мөнх-Амин

АНУ-ын комик зураач Рейна Телгемайерийн Нью Йорк таймсын бестселлер ном болох “Эгч дүүс” комик номыг орчуулсан Б.Мөнх-Амин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулахаар номынхоо орлогын 50% болох 500,000 төгрөгийг уг санд хандивласан юм. Тэрээр Үндэсний өгөх өдрийг санаачлан хэрэгжүүлэгч, УИХ-ын гишүүн Б.Баярсайханы охин бөгөөд ээжийнхээ бусдын төлөө чин сэтгэлээ зориулж, хичээн зүтгэж байгааг хараад ээж шигээ бусдын төлөө өөрт байгаагаарай туслахыг хүсэх болсон гэдгээ онцолж байлаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь нийгмийн сайн сайхны төлөө, шударга ёсны төлөө олон жил тасралтгүй ажиллаж, шинийг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд түүний ажил нийгэмд эерэг өөрчлөлтийг, хүмүүсийн хандлагыг эерэг болгоход ихээхэн үр нөлөөтэй ажлууд болдог билээ.  

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ