2020.10.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Дотоод хэргийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, Спорт цогцолбор, номын сан, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангийн техник хэрэгсэлтэй танилцлаа.

Энэ үеэр тус сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар сургуулийнхаа хотхоны хэтийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг танилцуулсан юм. Тэрбээр “Дотоод хэргийн их сургуулиас жилдээ 5000 гаруй сонсогч бүрэлдэхүүн болон харьяа 11 сургуульд мэргэжлийн боловсрол бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөрийн дагуу суралцан хууль, эрхзүйн салбарт бэлтгэгдэн гарч байна.

Цаашид сургуулийнхаа бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ