МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТББХ: Монгол Улсын 2021 оны төсөвт дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
2020.10.29
Улстөр

ТББХ: Монгол Улсын 2021 оны төсөвт дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээг төсвийн төсөлд тусгасан.

Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд эрчимжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна.

Төрийн албаны зөвлөлийн  Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 01-ээс улсын хэмжээнд нэвтрүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт тусгасан гэв. Ингэснээр төрийн албаны орон тоог үр ашигтай төлөвлөж, удирдах, төрийн албан хаагчдын цалин хөлсний оновчтой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж төсвийн урсгал зардлын 20 гаруй хувийг эзлээд байгаа цалингийн зардлын өсөлтийг тогтворжуулах боломжтой гэлээ. Түүнчлэн ирэх онд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд төрийн байгуулалтын чиглэлээр иргэдэд үйлчлэх мэдээллийн төв, төрийн үйлчилгээний нэгдсэн байр, багийн төвийн барилга, ЗДТГ-ын барилгуудыг барьж байгуулахаар нийт 48.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 33 төсөл арга хэмжээнд 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Удирдлагын академийн оюутны кампусын барилгын ажлыг эхлүүлэх, холбогдох төрийн байгууллагуудын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх аж.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Төсвийн төсөлд тус Байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны төсвөөс нэмэгдүүлсэн зардлын талаар танилцуулсан. Улсын Их Хурлын даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 43.6 тэрбум  төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 3.7 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 10.0 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Төсвийн төслөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлд 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 176.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд нийт 50.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөжээ. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 116.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 22 төсөл, арга хэмжээг 26.3 тэрбум, шинээр хэрэгжих 31.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 5.6 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 260.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна. Үүний 244.7 тэрбум төгрөг нь "барих-шилжүүлэх" концессын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлт байна. Шадар сайдын төсвийн багцад улсын төсвөөс он дамжин хэрэгжих 4 барилга байгууламжид 23.1 тэрбум, тоног төхөөрөмж нийлүүлэх 1 төсөл арга хэмжээнд 0.1 тэрбум нийт 5 төсөл, арга хэмжээнд 23.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 339.6 тэрбум төгрөгөөр бууруулж төсөвлөсөн байна. Төсвийн төсөлд нийт 84.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 40 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 29.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 59.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 23 төсөл, арга хэмжээг 20.3 тэрбум, шинээр хэрэгжих 25.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 17 төсөл, арга хэмжээг 9.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 28.1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 10.0 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 3.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 0.5 тэрбум төгрөгөөр бууруулсан нь цалин, НДШ-ийн зардлыг 0.04 сая, эд хогшил, урсгал засварын зардлыг 0.6 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн зардал 0.05 тэрбум төгрөгөөр хасагдуулж, урсгал шилжүүлгийн зардлыг 0.2 тэрбум, бусад бараа үйлчилгээний зардлыг 0.04 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн нь нөлөөлсөн байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага, цэвэр зээлийг 4.3 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 0.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2.4 тэрбум  төгрөгөөр төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 0.5 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх боломж байна.Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг өгсөн байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна.

Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.

Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна.

Төслийн талаарх Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон холбогдох бусад албан тушаалтнаас хариулт тайлбар авсан юм. Ийнхүү төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах тухай 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ