2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ хуралдаанаар Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт, асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
"Би энэ хуулийг дэмжиж байгаа. Тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Бид баруун европын орнуудаар явж тэтгэврийн тогтолцоо, реформыг хэрхэн хийсэнтэй танилцаж байсан. Тухайн улс орнуудад иргэд нь хувийн болон төрийн тэтгэврийн хуримтлалаа хэрхэн бий болгож байгаагаа шилэн дансаараа ороод шалгаж болдог болжээ. Тэтгэврийн хуримтлал нь бизнес болоод хөгжсөн байна. төр 2% иргэн 2% гэхээр төсөв дээр 4 тэрбум төгрөгийн ачаалал үүсэх вий, үр өгөөжөө хэзээ өгч эхлэх, ХЗХ-ны асуудал шиг болох вий гэсэн болгоомжлол байсан. Энэ зүй ёсных. Тиймээс бид Засгийн газрын салбарын яамыг яаралтай саналуудаа аваад ир, байнгын хороонд ажлын хэсэг гарган хамтатгаад хэлэлцээд явая гэж хэлсэн. Ингэх нь цогц хууль гарах боломж юм. Бид насаараа даатгал төлөөд яваад байдаг ч нас барахдаа 1 сая төгрөг аваад л дуусдаг баймааргүй байна. Өвлөгдөж үлддэггүй.
Эрдэнэт үйлдвэр, Төмөр зам, Ард даатгал, Голомт зэрэг компаниуд ажилтнаасаа сайн дураараа хуримтлал үүсгээд тухайн хүн буцааж авая гэвэл 40 гаруй сая төгрөг авсан зэрэг сангууд үүсгэсэн байна. Мөн сөрөг зүйл ч гарсан. Тиймээс хууль гаргаж байгаа бол нухацтайгаар хэлэлцэж, реформыг хийгээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. "