МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны МОДОН ЖОРЛОНГ дөрвөн жилийн дотор бүрэн ШИНЭЧИЛНЭ
2020.10.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны МОДОН ЖОРЛОНГ дөрвөн жилийн дотор бүрэн ШИНЭЧИЛНЭ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Орон нутгийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны гадаа модон жорлонгийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа модон жорлонгуудыг шинэчлэн ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлд анхаарал хандуулж санаачилгатай ажилласан билээ.

Энэ ажил Засгийн газрын түвшинд дэмжлэг авч, энэхүү хөгжлийн хоцрогдлоо ирэх 4 жилийн хугацаанд шийдвэрлэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон МАН-ын мөрийн хөтөлбөр зэрэгт тодорхой тусгагдсан байна. Зөвхөн төр засгаас шийдвэр хүлээх бус олон улсын байгууллага, үндэсний компаниуд энэ асуудалд анхаарал хандуулж хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэг дотуур байрны гадаа байрлах модон жорлонгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"ХХ зуунаас ХХI зуунд авч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол яах аргагүй модон жорлон. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа жил бүрийн 11 дүгээр сарын 19-нд болдог  Дэлхийн жорлонгийн өдөр энэ асуудлаар томоохон хэлэлцүүлэг хийсэн.  Өмнө нь төр, ТББ, хувийн хэвшлүүд анхаарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл яг цогцоор нь шийдэж чадахгүй байна. 

70-200 метрт байрласан модон жорлон нь аль ч насны хүүхдэд таатай орчин биш нь тодорхой. Ямар хэцүү нөхцөл байдал үүсдэг тухай багш нар ярьсан. Тиймээс Азийн хөгжлийн банкинд хзсэлт гаргасны дагуу буцалтгүй тусламжийн мөнгө шийдэгдсэнээр хамгийн их хүйтэн байдаг баруун 3 аймаг болох Говь-Алтай, Увс, Завхан аймгийг сонгон ЕБС-ийн 17 дотуур байрыг иж бүрэн засварлаад дотроо халуун хүйтэн устай, паалантай жорлонтой, хүүхэд ая тухтай байх орчинг бүрдүүлсэн. 

Биднээс гадна Мобиком корпораци, Дэлхийн зөн ОУБ-тай хамтраад 30, 30% гаргаад, тухайн орон нутгаас 30% санхүүжүүлээд 60-70 сая төгрөгөөр модон жорлонгийн асуудлыг шийдэж, орчин үеийн ариун цэврийн байгууламж бий болгож буй туршлагаа сүүлийн жилүүдэд сайн ярьж, ойлгуулж байна. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын мөрийн хөтөлбөрт улсын хэмжээнд модон жорлонгийн асуудлыг цогцоор нь шийдэх зорилтыг оруулсан. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч суулгуулсан. 

Бид Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгой зэрэг үндэсний болон олон улсын том компаниуд, ОУБ-уудад хандаж хөрөнгө оруулалт хүсдэг. Өнгөрсөн жилүүдэд бага багаар шийдэгдэж байсан асуудлыг сая Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд 819 цэцэрлэ, сургуулийн модон жорлонг өөрчилж, боловсон бие засах газраар солих шийдвэрийг гаргалаа. Энэ бол маш сайн шийдвэр.

Модон жорлон бол бид ХХ зуунаас ХХI зуунд чирж ирсэн хөгжлийн хоцрогдол. Модон жорлонг ашиглаж буй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн. Өвлийн улиралд хүйтэн, халтирч унах эрсдэлтэй. зуны улиралд эрүүл ахуйн шаардлага хангалтгүй. Цоож түгжээгүй, халдварт өвчин, ханиад томуугаар өвчлөх эрсдэл өндөртэй байна. Ялангуяа өсвөр насны охидуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Түүнчлэн өвлийн хүйтэнд гадаа модон жорлон руу явахаасаа халширч уух шингэн зүйлээ хасах, хорих нь энгийн үзэгдэл юм. Модон жорлонд унаж бэртэх, бусдад хүчирхийлүүлсэн тохиолдол ч гарч байсан. 

Бид хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, хамгийн сүүлийн үеийн машин унадаг, олон улсын том зочид буудлууд Улаанбаатарт баригдсан. Глобалчлагдсан хөгжлөөс бид хоцроогүй. Гэтэл орон нутагт бидний ирээдүй болсон хүүхдүүддээ бид модон жорлон ашиглуулж, түмпэнд дээрээсээ ус гоожуулаад усанд оруулж байна. Бие зассаны дараа гараа угаах орчин бүрдээгүй байна. Ийм хөгжлийн хоцрогдолд хүүхдүүддээ оруулсан нь эмгэнэл.

Энэ асуудал ирэх 4 жилд бүрэн шийдэгдэх болсонд би туйлын баяртай байна. УИХ-ын Төсвийн байнгын хороо сайн ажилласан. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой анхаарсан. 20-иод хоногийн өмнө тэрээр БШУ-ны яаманд ажиллах үеэрээ модон жорлонгийн асуудлыг 4 биш 2 жилийн дотор бүрэн шийдэх үүрэг даалгавар өгсөн. Төр, үндэсний том компани, хувийн хэвшлүүд нийлээд улсын хэмжээнд энэ асуудал шийдэгдэхээр болсонд маш их баяртай байна."

ШИНЭ МЭДЭЭ