Орон даяар камерийн нэгдсэн систем нэвтрүүлэхэд төсвийн дэмжлэг хүслээ
2020.10.28
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Орон даяар камерийн нэгдсэн систем нэвтрүүлэхэд төсвийн дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХЯ-ны албан хаагчидтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өгч, салбарын сайдын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын товч мэдээллийг сонсов.

Төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд нэвтрүүлээд буй e-mongolia хөтөлбөрйин хүрээнд тус салбарын нийт 44 үйлчилгээг иргэд онлайнаар хүлээн авч буй хамгийн сүүлд нэвтрүүлсэн томоохон ажил байв. Цаашид үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэх хэд хэдэн төсөл боловсруулж, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тухайлвал 101, 102, 103- ын аюул ослын дуудлагыг хялбаршуулж, дуудлага өгсөн иргэний хамгийн ойр, харьяалах хэсэгт дуудлагыг шилжүүлэхэд технологийн нэмэлт шийдэл нэвтрүүлэхэд 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж.

Орон даяар гэмт хэргийн гаралтыг бууруулж, илрүүлэлтийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх камержуулах системийг нэвтрүүлэхээр төсөл боловсруулснаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, санхүүжилтийн эрх нээхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Үүнд 1 тэрбум гаруй төгрөг шаардлагатай ажээ.

Мөн гэмт хэрэгтний биологийн мэдээллийн АДИС-ПАПИЛОН 9, галт зэвсгийн бүртгэлийн системүүдийг эцэслэн нэвтрүүлж мэдээллийн санг бий болгох зэрэг томоохон санхүүжилт шаардлагатай төлөвлөгдсөн ажлууд байгааг танилцуулав. Мөн яамны үндсэн үүрэг хууль боловсруулах ажлын хүрээнд иргэний, эрүүгийн хуулийн шинэтгэлийн хэд хэдэн хууль шинээр боловсруулж, нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн барихад бэлтгээд байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХЯ-ны албан хаагчдад дараах үүрэг даалгаврыг чиглэл болголоо
Үүнд:

Монгол Улсын хил хамгаалалтад орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, хилийн зөрчил, хил дамнасан зохион байгуулалттай гэмт үйлдлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох орчин үеийн дэвшилтэт технологи бүхий “Монгол Улсын хил хамгаалалтад хөдөлгөөнт дохиолол, хяналтын системийг нэвтрүүлэх” төслийг судалж, Засгийн газрын хуралдаанд шуурхай танилцуулах;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэглэгчдийн цар хүрээг тогтоож, бүртгэл хяналтад авах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцааг авч, хамтран ажиллах;

Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа нь улс төрчдийн болон мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээдийн ашиг сонирхлоос ямагт ангид байж гагцхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарах;

Үндэсний цахим үйлчилгээний “И-Монголиа” нэгдсэн системээр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн 26 үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Цаашид гадаадын иргэдийн бүртгэл, оршин суух зөвшөөрөл олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн лавлагаа, шүүхийн шинжилгээ, цагдаа, хил хамгаалах болон бусад бүх агентлаг, байгууллагаас олгож буй зөвшөөрөл, үйлчилгээг уг системд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэх

Монгол Улсын түүх, соёлд холбогдох гадаад улс орнуудад хадгалагдаж буй архивын баримтыг нээн илрүүлэх, хуулбарлан авч үндэсний архивын баримтыг баяжуулахад онцгой анхаарч, гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд гадаад улсаас түүх соёлын үнэт олдворыг эх орондоо авчрах арга хэмжээ авах;

Монгол Улсын хил хамгаалалтыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Олон Улсын гэрээ, хэлэлцээрүүд, Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу зохион байгуулж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоож, хилийн халдашгүй дархан байдлыг хангаж ажиллах;

Анх удаа болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлан хорих бус зорчих эрхийг хязгаарлах замаар сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлэх, үр хүүхдээ өсгөх, гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхлэх боломжтой байдлаар засан хүмүүжүүлэх, нөгөө талаар хорих ангийн зардлыг багасгах зорилгоор Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялын бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах. Энэ нь шинэ төрлийн ял учраас техник технологи болон иргэдийн ахуй амьдралтай уялдуулж зохицуулахад амаргүй учраас бэлтгэл ажлыг сайтар хангаж, иргэдэд зөв таниулах, мэдээлэх ажлыг тууштай авч хэрэгжүүлэх;

Хэрэг, маргааныг шударгаар хянан шийдвэрлэхэд гол үүрэг бүхий шүүхийн шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан хийж, үндэслэл бүхий дүгнэлт гаргах, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шинжилгээний лабораториудыг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангаж хөгжүүлэх;

Ажилтан, албан хаагчдын сахилга бат, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлж, төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг улам бүр сайжруулж, иргэдтэй зөв боловсон, соёлтой харьцаж, ажил, үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангахад онцгой анхаарах, үүний зэрэгцээ харьяа байгууллагаас иргэдэд хүргэж байгаа аливаа үйлчилгээ хүндрэл чирэгдэлгүй байх ёстой. Хамгийн гол нь албан хаагч бүр сэтгэл гарган дор бүрнээ чармайн ажиллахыг онцгой анхаарах;

Техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж, нэг ажилтан, албан хаагчид ирэх механик ачааллыг бууруулахын тулд хөгжингүй орнуудад ашиглагдаж буй ухаалаг программ хангамж, системийг нэвтрүүлэх;

Хүнийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцах явдалтай тууштай тэмцэх, таслан зогсоох, холбогдох хууль, хяналтын байгууллагад хуулийг ягштал мөрдүүлж ажиллахад анхаарах,

Яамны зүгээс албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах төсөв, санхүү, ажиллах нөхцөл баталгааг хангаж, ажиллаж, амьдрах орчныг сайжруулах талаар шат дараатай олон ажил хэрэгжүүлжээ. Цаашид энэ арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ