Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:
Замын-Үүдийг камержуулах асуудал 2016 онд орж ирээд улс төржөөд алга болсон. Замын-Үүдийг камержуулах асуудал дээр онцгой анхаарахгүй бол сүүлийн үед маш их хэмжээний хэрэг гарч байна. Хууль зүйн сайд 2021 оны төсөвт эсвэл гадны төсөл хөтөлбөрөөр ямар нэгэн ажил хийгдэх боломж байна уу?
Хөл хөдөлгөөн ихтэй, гэмт хэрэг гардаг энэ газар Тээврийн цагдаа, эдийн засгийн төлөөлөгчийн орон тоог нэмэх ямар боломж байна вэ? Цагдаагийн газрыг бие бүрэлдэхүүнээр нь багцалдаг уу эсвэл ачааллаар нь хувиарладаг уу?
Хөдөө орон нутагт хэдэн хүүхдийн байцаагч хуваарилагдаж байна вэ?
Цагдаад ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний цалин хөлс бага байгаагаас болоод байна уу эсвэл чадвартай боловсон хүчин хууль хүчний байгууллагад ажиллах нь багассан байдал ажиглагдаж байна. Тийм учраас цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчнийг дахин сургаж, чадваржуулах тал дээр хөрөнгө гаргаж байна уу?
Сүүлийн үед цагдаа, хүчний байгууллагад ажиллаж байгаа хүмүүс маш залуугаараа тэтгэвэрт гарч байна. Энэ нь хоёр талтай байна. Залуугаараа тэтгэвэрт гараад хийх ажилгүй байна. Энэ хэмжээгээр тэтгэврийн сан улам нэмэгдсэн. Тэтгэвэрт залуугаараа гарч байгаа хүмүүсийг тэр чигт нь орхидог. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Цаанаас нь шахаж гаргаад байна уу эсвэл 36 сарын тэтгэлэгтээ баригдаж тэтгэвэрт гаргаад байна уу?
36 сарын тэтгэлгийг нь байж байгаад хөдөлгөөд 12 сар болгож өөрчлөөд байхаар тэтгэвэрт гарах сонирхолтой хүмүүс өсч тэтгэврийн ачаалал улам ихдэж байна. Ажиллах чадвартай хүмүүс олноороо гудамжинд гарч байна. Ялангуяа цэргийн байгууллагаас тэтгэвэрт олноор гардаг.
Түүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.