Нийслэлд зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн 30 тн нүүрсийг битүүмжилжээ
2020.10.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Нийслэлд зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн 30 тн нүүрсийг битүүмжилжээ

Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өчигдөр болж, коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэв.

Тэрбээр “Монгол Улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрсэн 312, эмчлүүлж буй 28 өвчтөн бий. Тусгай үүргийн 68 дахь удаагийн нислэгээр 272 зорчигч ирснийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хүргэв. Одоогоор 6 хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад байна. Нийслэлд амбулаторийн 95 585 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдлыг оношилсон” гэв.

Есдүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 26-нд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 108 102 автомашин шалган нэвтрүүлжээ. Мөн түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан 5 зөрчил илрүүлж, 13 сая төгрөгийн торгууль ногдуулан, 30 тн түүхий нүүрсийг битүүмжилж, 34.2 тонн нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулжээ.

Эдгээр асуудлаар Онцгой комиссын гишүүд санал хэлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвшилцөв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх “Амны хаалт зүүцгээе, гараа угаая” аяныг нийслэл, дүүргийн хэмжээнд он дуустал зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг аянд нэгдүүлэх, эрсдэлээс хамгаалахад сэрэмжлүүлнэ. 

Нийтийн тээврээр амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлэхэд зөвлөж ажиллана. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан ажиллагааны үеэр болон зах худалдааны төвд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, халдвар хамгааллын дэглэм сахиулах, амны хаалт тогтмол зүүж, маскгүй иргэнд үйлчлэхгүй шаардлага тавьж, хэрэгжилтэд хяналт тавих” үүрэг чиглэлийг нутгийн захиргааны байгууллагын удирдлагад өгөв.

Мөн түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байхад анхаарч хяналт шалгалт тогтмол хийх, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг хянах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмж зөв ашиглаж, угаартах эрсдэлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхөд хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг мэдээлж, гэрийн ойр орчмоос түлшээ авах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагад үүрэг болгож, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.  

ШИНЭ МЭДЭЭ