МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Ганбаатар: БГД-ийн боловсролын байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

Хөдөөдөө сургууль, цэцэрлэгийн асуудлууд жигдэрсэн мэт гишүүд ярьсан. Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэхийг хүчээр багасгасан боловч партан дээрээ гурваараа хүүхдүүд сууж хичээллэдэг. Энэ нь хүчээр гурван ээлж гэдэг нэрийг нь больсон бодлого явагдсан юм шиг харагдаж байна. Сургууль, цэцэрлэгийн төсөв мөнгө тавигддаг боловч ихэнх нь буцдаг. Нэг нөхрийн цүнхэн дотор 10 сургуулийн тендер яваад байдаг. Тендерийн урьдчилгаа мөнгөө тавих мөнгө байдаггүй юм уу? Хашааг нь барьчихсан газар нь чөлөөтэй байдаг. Иргэд УИХ-ын гишүүд л үүнийг хөөцөлдөж бариулах ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн, яам тамгын газарт энэ талаар ярих хориотой гэж эрүүгийн хуульд заадаг.

Боловсролын асуудал Баянгол дүүрэгт үнэхээр хүнд байдалтай байна. Боловсролынхоо асуудлыг яаж шийдэх вэ?

Баянгол дүүрэгт хүйтэн байшингууд маш их байна. Төсвөөр тэр байшингуудыг дулаална гэдэг бол хэцүү. Хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн асуудал түлхүү шийдэгдээд Улаанбаатар хотын асуудал ард нь хоцордог.

Хувийн хэвшлийг дэмжих, тэднээр зам бариулах хэрэгтэй байна. Гадуур баригдаад байгаа барилгыг төр бариад байна уу, төсвийн мөнгөөр бариад байна уу? Эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулаад барьж байна. Өнөөдөр төсвийн мөнгөөр төр ямар барилга барьж байна, хувийн хэвшил ямар барилга барьж байна вэ? Энэ боломжийг гаргаж өгнө үү?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ