2020.10.23
Улстөр
Д.Сумъяабазарыг өөр ажилд томилогдсон тул өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.10.23) 15 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдож ажилллах болсонтой холбогдуулан гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн дэмжсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.
Энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.
УИХ-ын нэгдсэн чуулганд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Е.Баатарбилэг танилцууллаа.
Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асуулт асууж, үг хэлсний дараа Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тогтоолыг гишүүдийн 71%-ийн саналаар баталлаа.