МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Завхан аймагт ЗДТГ-ын барилга барихаас өмнө сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг бүрэн өөрчлөх ажлыг хийнэ
2020.10.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан: Завхан аймагт ЗДТГ-ын барилга барихаас өмнө сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг бүрэн өөрчлөх ажлыг хийнэ

Өнөө цагт боловсролын байгууллага буюу цэцэрлэг, сургууль, дотуур байрууд гадаа байрлах модон жорлонтой байгаа нь эмгэнэл гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 819 модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байр байна. Тухайлбал гадаа модон жорлонтой боловсролын байгууллага Хөвсгөл аймагт 103, Завхан 95 сургууль, цэцэрлэг, дотуур байр байдаг. Зөвхөн цэцэрлэгийг авч үзэхэд 226 цэцэрлэг модон жорлонтой. Бидний нялх үрс өвлийн хүйтэнд гадаа гарч бие засаад, тэрнээсээ болж суурь өвчтэй болж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ тухайн үеийн салбарын сайд Ё.Баатарбилэг болон одоогийн сайд Л.Цэдэвсүрэн нартай хамтран сургууль, цэцэрлэг, дотуур байруудын модон жорлонг бүрэн халахад онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд зарим аймгуудад жишиг ариун цэврийн байгууламжтай болсон боловсролын байгууллагууд ч бий.

Энэ ажлыг үргэлжлүүлэн МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын байгууллагын модон жорлонг халах тухай заалтууд ч тусгагдсан.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудастаа, Бид хөгжлийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байгаа шинэ зуунд хойч ирээдүй маань модон жорлон хэрэглэж байгаа нь хөгжлийн “эмгэнэл” бөгөөд энэ хоцрогдлыг бүрэн арилгахыг УИХ ч бүрэн дэмжиж, 2021 оны төсөвт тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөсөн байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллахдаа энэ асуудалд онцгой анхаарч, ирэх 2 жилд модон жорлонг халах үүрэг өгч, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.” хэмээн бичсэн байна.

Энэ нь Б.Баярсайхан гишүүнийг анхаарал хандуулсан асуудалдаа тууштай анхаарч, зоримог алхам хийж, хэрэгжүүлэхээр амласнаа ажил хэрэг болгодог гэдгийг харуулж байна. Тэрээр УИХ-д Завхан аймгийн иргэдийн итгэлийг авч сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчид, эмэгтэйчүүд, боловсролын салбарынхантайгаа хамгийн ойр ажилладаг гишүүн бөгөөд хүүхэд багачуудын хөгжил, сурч боловсрох орчны нөхцөл зэрэгт онцгой анхаарч ажиллаж байна. 

Тэрээр, Завхан аймгийн сумдад ЗДТГ-ын барилга барих хүсэлтийг аймаг, сумдаас ирүүлж байгаа боловч түүнээс илүүтэйгээр нэн тэргүүнд хүүхдүүдийн хэрэглэж буй модон жорлонг орчин үеийн стандартад нийцсэн, цоожтой хаалгатай, халуун хүйтэн устай, шүршүүртэй ариун цэврийн байгууламжаар солих ажлыг хийх болно гэдгээ илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ