2020.10.20
Эдийн засаг, Худалдаа
Д.Тогтохсүрэн: Малын хөлийн татварыг МАА салбарынхаа хөгжилд л зориулах ёстой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
“Малын хөлийн татвар бол маш чухал юм. МАА, ХАА салбарт шинэчлэл болохоор хэрэгтэй хуулийн төсөл юм. Ингэснээр бэлчээрийн асуудал нилээд цэгцэрнэ. Мэдээж сум, орон нутгийн бэлчээрийн даац, сүргийн бүтэц зэргээс хамаарч бодлогын хүрээнд шийдвэрлэн тогтоох ёстой. Харин зарлага талдаа орон нутгийн хөгжүүлэх санд оруулах юм. Гэхдээ тодорхой зүйлд л зарцуулна гэж хашилт хийж өгөх ёстой байх гэж бодож байна. ОНХС-д маш олон зүйлийг зардаг. Харин малын хөлийн татварыг 4 зүйлд л зарцуулах ёстой гэж заамаар байгаа юм. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн салбарын хөгжлийн төлөөх зарлага байх ёстой. Мал эмнэлэг, үржил, бэлчээрийн менежмент, малчдыг сургах чиглэлд зарцуулах нь зүйтэй.
1 хониноос 1000 төгрөг гэвэл өндөр татвар. Өмнө нь 6, 10, 100 төгрөг байсан. Энэ жишгээр явах болов уу гэж харж байна. Энэ хуулийн онцлог бол эрхийг нь л нээж өгч байгаа юм. Татвар бол бага биш өндөр юм.”
ШИНЭ МЭДЭЭ
Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээнэ
2020.12.02