МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Халамжийн тогтолцоо, олгох аргачлалыг өөрчлөх, нарийн тодорхой болгох шаардлага үүссэн

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөрийн /2020.10.20/ хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

"2018 оны 02 сарын 02-ны өдөр НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлсэн. Хуулийн дагуу өндөр насны тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 20 жил 6 сараас дээш хугацаанд шимтгэл төлсөн бол 60, 55 насандаа тэтгэвэр тогтоолгох зохицуулалтын хэрэгжилтийг зохион байгуулснаар дээрх нөхцөлөөр 2800 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж Үндэсний зөвлөлийн энэхүү тайланд тусгажээ. Үүнээс жил бүр тэтгэвэр тогтоолгох насыг 3 сараар нэмэгдүүлснээр жилд хэдэн иргэн тэтгэвэр тогтоолгосон бэ?

Уг хуулийн өөрчлөлтөөс өмнө эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гардаг байсан иргэдэд ямар өөрчлөлт гарч, сөрөг нөлөө үзүүлсэн талаар та бүхэнд дүн шинжилгээ, судалгаа бий юу? Ингэж асуусан учир нь энэ хуулийн өөрчлөлтөөс болж иргэдийн эрх хэр зөрчигдөж байгааг анхаарсан уу? эсрэгээрээ илүү таатай сайн үр дүнтэй болсон гэж үзэж байна уу?

Нийгмийн даатгал, халамж хавтгайрч байна гэдэг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд энэ зөрчлийн талаар мэдээлэл байна уу? Эндээс харахад халамжийн тогтолцоо, халамж олгох аргачлалыг өөрчлөх, нарийн тодорхой болгох шаардлага урган гарч байна. Энэ чиглэлд хийх ажил юу байна вэ? Та бүхний тайлангаас харахад энэ талаар цаашид хийх ажилд тусгаагүй байна."

Түүний асуултанд НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Б.Ганцэцэг болон ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ