МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Занданшатар “Хорт хавдраас иргэдээ хамгаалж буй Архангайн жишиг бусад аймгуудад үлгэр жишээ болно”
2020.10.12
Барилга, Хот байгуулалт

Г.Занданшатар “Хорт хавдраас иргэдээ хамгаалж буй Архангайн жишиг бусад аймгуудад үлгэр жишээ болно”

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 10-р сарын 11-ны ням гарагт Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ажиллалаа.

Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан Ерөнхий боловсролын 2-р сургууль, цэвэрлэх байгууламж, шинээр баригдаж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Архангай аймгийн ууган сургуулиудын нэг 2-р сургууль энэ жил 960 хүүхдийн шинэ байртай болжээ. Ердөө нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж өгсөнд багш, сурагчид баяртай байна.

Архангай аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ. Өмнөх хүчин чадал нь даруй 3 дахин нэмэгдсэн бөгөөд бохир ус цэвэршүүлэх шилдэг технологитой энэ байгууламжийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр байгуулсан байна. Одоогоор алдагдалтай ажиллаж буй ч ойрын үед хэрэглээ огцом нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Учир нь сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжиж байгаагийн зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүд цэвэр, бохирын сүлжээнд холбогдож, шинэ суурьшлын бүс байгуулагдаж эхэлжээ. Архангай аймаг өнгөрсөн 4 жилд “Элэг бүтэн Архангай” төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд 40.000 гаруй иргэнийг оношилгоонд хамруулж, 60 тохиолдлыг эрт үед нь оношилсон бөгөөд 4000 гаруй хүнийг “Харвони” эмээр эмчилжээ.

Үүний үр дүнд элэгний хорт хавдрын эрт илрүүлэг 40 хувьтай байсан бол 70 хувьд хүрч, элэгний хорт хавдрын өвчлөл 50 хувь буурчээ. Одоо эрт илрүүлгийн энэ төвийг ашиглалтад оруулснаар ирэх 4 жилд “Хавдрын аюулгүй Архангай” болох зорилт дэвшүүлээд байгаа талаар тус төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хорт хавдраас ангижруулах чиглэлээр томоохон үр дүнд хүрсэн Архангайчууддаа талархал илэрхийлье. Танай аймгийн энэ жишиг Монгол Улсын бусад аймгуудад үлгэр жишээ болно” гэлээ.

Эрүүл мэндийн дэд сайд ш.анхмаа: Иргэдээ өвдсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг  эрт оношлохыг Эрүүл мэндийн яам шинэчлэлийн зорилтынхоо нэг суурь бодлого болгож дэвшүүлсэн. Энэ зорилгоор Улаанбаатар хотод Эрүүл мэндийг дэмжих төв 3-ыг байгуулаад байна. Аймгуудаас хамгийн анхных нь Архангайд байгуулагдах нь. Байрныхаа асуудлыг нэгэнт шийдэж чадсан тул шаардлагатай оношлогооны багаж хэрэгсэл, явуулын лабораторийн тоног төхөөрөмжийн хөрөнгийг улсын төсөвт тусгаж, шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэж УИХ-ын даргыг дагалдан яваа.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн иргэдтэй уулзалт хийж, улс орноо сэргээн мандуулах чиглэлээр төр, засгаас дэвшүүлж буй хөгжлийн бодлого, УИХ-ын үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн агуулга, зорилгын талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ажиллаж, тус тусын салбарын байгууллагуудын ажил үйлстэй танилцаж, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.  

ШИНЭ МЭДЭЭ